Сурагчдын амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд “Хүүхдийн өрөө” маань нилээдгүй зочинтой бужигнаж байна.
Ороод харвал 2 ихэр охин дүүгээ харангаа өрөөтэй танилцаж байгаа нь тэдэнд их л сонирхолтой байгаа бололтой. Хажуухан талд нь цэцэрлэгийн дунд анги болов уу гэлтэй ухаалаг хүү ном уншаад сууж байх юм. Өнөөдрийн ирсэн хүүхдүүд тоглож наадахаас гадна амралтынхаа даалгаврыг ч мөн хийж байна.
Тэдний ийнхүү тухтай хичээллэж, тоглож, амрах орчинг ЭМДЕГ албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгоор нээсэн.
Хүүхдийн өрөөг байгуулснаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээх эрсдэлээс сэргийлэх, эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, ажлын цагаар “Хүүхдээ харах“ гэсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон давуу талтай юм.
Энэ өрөөнд дан ганц тоглож, наадах бус хүүхдүүдэд давхар ахуйн соёл хүмүүжил олгох зорилгоор зарим зүйлсийг тусгайлан бэлдэж өгсөн. Тухайлбал, хүүхдийн насны онцлогт зориулан зурагтай санамж, зөвлөж өлгөсөн бөгөөд хүүхдүүд эцэг эхээ олон цагаар хүлээх тохиолдол их гардаг учир унтах боломжтой жижиг буйданг ч мөн байрлуулахаас гадна бяцхан үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн жижиг хэрэглэлүүдийг бага багаар нэмсээр байна.