ЭМЯ, Монголын сумын эмч нарын холбооноос хамтран зохион байгуулж буй "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ.
Хэлэлцүүлэгт ЭМДEГ-ын удирдлагууд оролцож, "Сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт, цахим үйл ажиллагаа" сэдвээр танилцуулга мэдээлэл хийж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар 309 сумын ЭМТ-тэй хэвтүүлэн, түргэн тусламж, яаралтай болон амны хөндийн тусламж үйлчилгээ зэрэг 150 гаруй оношийн хамааралтай бүлгээр гэрээ байгуулан, даатгуулагч иргэдэд 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авах нөхцөл, боломжоор ханган ажиллаж байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд сумын ЭМТ-үүдэд олгох санхүүжилт 1.5 дахин нэмэгдэж, 2021 онд 190 тэрбум, 2022 онд 226 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын сангаас шийдвэрлэсэн.
Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд дунд чөлөөт өрсөлдөөн бий болох, тусламж үйлчилгээний чанар сайжрахаас гадна санхүүгийн хувьд дэмжих, хөшүүрэг бий болж, эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид ажлын гүйцэтгэлтэйгээ уялдсан цалин урамшуулал авах таатай нөхцөл бүрдсэн юм.