Өнөөдөр ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газар, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран “Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчидтэй хийх гэрээ болон анхан шатны цахим системийн хөгжүүлэлт” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн өрхийн ЭМТ, сумын эрүүл мэндийн төв, орон нутаг дахь ЭМД-ын хэлтсийн 1000 гаруй албан хаагчдыг хамруулж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, нэхэмжлэлийн шалгуур болон цахим систем дээр хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
ЭМДЕГ өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн 532 өрхийн эрүүл мэндийн төв, 309 сумын эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулан даатгуулагч-иргэнд анхан шатны тусламж үйлчилгээг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна.
Эдгээр байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилт өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1.5 дахин нэмэгдсэн. Тодруулбал, ӨЭМТ-үүдэд 2021 онд 109.5 тэрбум, 2022 онд 151.9 тэрбум, 2023 оны эхний 3 сарын байдлаар 30 тэрбум нийт 291.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол СЭМТ-үүдэд 2021 онд 190.3 тэрбум, 2022 онд 226.1 тэрбум, 2023 онд 37.9 тэрбум нийт 454.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын сангаас олгоод байна.