УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг шинээр томилсон. Шинээр томилогдсон гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна.
Ажлын хэсгийг ЭМДҮЗ-ийн ажлын албаны дарга Т.Батмөнх ахалж, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, Т.Баясгалан, Б.Алтанхуяг, Н.Одонгуа, Ж.Гэрэлмаа Н.Хишигсүрэн, Д.Сувдаа, Б.Отгонжаргал нарын хамтаар ЭМД-ын төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг Хэрэглэгчтэй харилцах төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Улмаар ЭМДЕГ-ын газар, хэлтсийн дарга нар 21 аймаг 2 дүүргийн удирдлагуудтай цахимаар уулзаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт болон иргэн даатгуулагчдаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээг хийж байгаа болон ЭМД-ын цахим системийн талаар танилцуулж, ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцож байна.