Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн салбарт тэр дундаа Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, орон нутаг дахь Эрүүл мэндийн газруудад судалгаа хийж, процессын дахин инженерчлэл хийх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Бизнес процессын дахин инженерчлэлийн зөвлөх Х.Хосжаргалаар ахлуулсан албаныхан өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар ЭМДЕГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, процессын дахин инженерчлэл хийхтэй холбоотой шаардлагатай мэдээ мэдээлээр санал солилцлоо.
Төрийн байгууллагад хийх процессын дахин инженерчлэлийн зорилго нь төрийн үйлчилгээний чанар, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх; иргэд (үйлчлүүлэгч) болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.