ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр ЭМДЕГ-т ажиллаж, тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээ хийгдэж байгаатай танилцлаа.
Энэ үеэр ЭМДЕГ-ын газар, хэлтсийн удирдлага, албан хаагчид ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг зөв зохистой зарцуулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй бодлого, стратеги болон гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтийн статистик мэдээллийг танилцуулав.
Үүний дараа иргэд, эрүүл мэндийн байгууллагуудаас ЭМДЕГ-т гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон даатгуулагч иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Мөн гэрээ бүхий өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүдтэй уулзаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй тусламж, үйлчилгээ болон ЭМД-ын сангаас олгож буй санхүүжилт, программ хангамжийн талаар ярилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар санал солилцсон юм.