Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нутагшуулах зорилгоор гадаад хамтын ажиллагаагаа тогтмол идэвхжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эскаланте Сокорро, Эрүүл мэндийн тогтолцооны багийн ахлагч Бенуа Мативэт, зөвлөх Э.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй стратегийн ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, ирэх оны төсвийн хүрээнд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн батлах, Эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний багц, сонгон шалгаруулалтын журмыг оновчтой болгох зэрэг бодлогын болон техникийн шинэчлэлийн хүрээнд ДЭМБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эскаланте Сокорро төлөвлөж буй шинэчлэлүүдтэй холбоотой олон улсын сайн туршлагыг хуваалцаж, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хангах талаар санал, зөвлөмж өгсөн бөгөөд ЭМДЕГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн уулзалтын үеэр ЭМДЕГ-аас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цуглуулсан эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, оношийн хамааралтай бүлэг (DRG), иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний хүртээмж, нэхэмжлэлийн хяналттай холбоотой нарийвчилсан дата мэдээллийг график, диаграм, хүснэгт хэлбэрээр нэгтгэн харуулах, хянах боломжтой “дашбоард” хяналтын системийг танилцууллаа.

