Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын захирал Liuis Vinals Torres, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцооны багийн зохицуулагч Benoit Mathivet, зөвлөх Э.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа. Мөн цахимаар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Эрүүл мэндийн эдийн засгийн Профессор Сүүнмэн Квон оролцлоо.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн үр дүн, эрүүл мэндийн тогтолцооны үр ашигт байдлын талаар хийсэн үнэлгээний мэдээллийг танилцуулж, санал солилцов. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан техникийн түвшний уулзалт, хэлэлцүүлэг өрнөлөө.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийн хяналтыг сайжруулах, тусламж үйлчилгээний эрсдэлийг илрүүлэх дашбоардын хөгжүүлэлт, мэдээллийн дүн шинжилгээ болон хяналтын механизмыг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов. Харин ДЭМБ-ын төлөөлөгчид эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тулгарч болох гол сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх нотолгоонд суурилсан арга замууд, олон улсын сайн туршлага, бодлогын хэрэгжилтийг сайжруулах боломжуудын талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцав.

ДЭМБ-ын төлөөлөгчид ЭМДЕГ-т бүтэн өдрийн турш ажиллаж, байгууллагын холбогдох нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, санхүүжилтийн үр ашиг, хяналт-үнэлгээний механизмыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж, санал солилцсон юм.
