Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хоёр дахь өдрөө үргэлжилж, хаалтаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж, оролцогчидтой санал, мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлэгт ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, ЭМДҮЗ-ийн гишүүн Ж.Гэрэлмаа, ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатар нар панелистаар оролцож, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын ахлах шинжээч Т.Болорчимэг удирдан явууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү бие даасан, хараат бус, мэргэжлийн зарчимд тулгуурласан бүтэцтэй болгох зорилтыг тусгасан юм. Түүнчлэн гүйцэтгэлд суурилсан хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, даатгалын сангийн үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг ч тусгасан.

Мөн хяналт, шалгалтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэх замаар хүний оролцоог бууруулсан, эрсдэлээс ангид, шударга тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаагаараа онцлогтой юм. Хэлэлцүүлгийн явцад оролцогчид салбарын бодлого, хэрэгжилттэй уялдуулан сонирхсон асуудлаараа асуулт тавьж, хариулт, нэмэлт тайлбар мэдээлэл авч, санал солилцлоо.
