Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, шалгалтын бүртгэлийн үед шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд зарцуулах хугацаа, зардлыг бууруулах асуудлаар Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны төлөөлөл хамтарсан уулзалт хийлээ.Уулзалтыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл удирдан явуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ц.Батбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Батхуяг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн явцад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцлаа.Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас төрийн алба эрхлэхэд нөлөөлөх сэтгэцийн өвчин, эмгэгийн жагсаалтыг боловсронгуй болгох, шалгалтад бүртгүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, дүгнэлтийн үйл ажиллагааг оновчтой болгох, төрийн жинхэнэ албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх асуудлаар мэргэжлийн баг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулж, холбогдох асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Батлан хамгаалах яамнаас цэргийн албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Уулзалтын үр дүнд Цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн болон түр чөлөөлөгдсөн иргэд шалгалтын цахим системд нотлох баримтаа бүрэн ирүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасанд тооцох, мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш мэргэжлийн байгууллагаас олгосон сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг 2026 оны III улирлын ерөнхий шалгалтад хүчинтэйд тооцохоор тохиролцлоо.
