Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН УЯЛДААГ ХЭЛЭЛЦЛЭЭ

post-title

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан санаачлан боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байна.
✅ Үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төслүүдтэй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг уялдуулах, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцох зорилготой хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд, салбарын хуульч, судлаачид болон ЭМДЕГ-ын албан хаагчид оролцож, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцлоо.
✅ ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх чухал цаг үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн боловсронгуй болгож, салбарын суурь хуулиудтай уялдуулах шаардлага үүсээд байна. Мөн энэ ажилд удирдлагууд болон албан хаагчид нийтээрээ идэвхтэй оролцож, бодит санал, шийдлийг тусгах нь шинэчлэлийн чанарт чухал хувь нэмэр оруулна” гэдгийг онцоллоо. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны олон улсын сайн туршлагыг судалж, шимтгэлийн тооцоолол, хэлбэрийг ил тод, шударга, оновчтой болгох, тогтвортой эх үүсвэрийг хуульд тусгах шаардлагатайг тэмдэглэв.
✅ Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Буянтогтох Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, гол зохицуулалтыг танилцууллаа. Мөн ДЭМБ-ын зөвлөх Д.Баярсайхан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа баримтлах үндсэн зарчим, олон улсын чиг хандлага, салбарын шинэчлэлтэй уялдуулах асуудлаар илтгэл тавьж, санал солилцов. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай чиглэлүүдийг танилцуулж, оролцогчдын санал, байр суурийг сонслоо.
✅ Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар болон орон нутаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн удирдлагууд цахимаар оролцож, хуулийн төслүүдийн уялдаа холбоо, хэрэгжилтийн асуудлаар санал солилцож, шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналуудаа хэлэлцлээ.