Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд салбарын мэргэжлийн байгууллагуудтай ээлжит уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны удирдлагууд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Хэлэлцүүлгийн үеэр сонгон шалгаруулалтын шинэчилсэн журмын төслийн үзэл баримтлал, сонгон шалгаруулалтын үе шат, эрүүл мэндийн байгууллагад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, чанар, үр дүнд суурилсан үнэлгээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариулж, санал, зөвлөмжийг сонслоо. Цаашид журмын төслийг илүү боловсронгуй болгох зорилгоор эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй үе шаттай уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн төсөлд тусган ажиллах юм. Хуваалцах: