Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах" төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

post-title

 
Эрүүл мэндийн салбарт 2020 оноос хэрэгжиж байгаа санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Монгол улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдсэн.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, даатгалын байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төсөл“-ийн баг 3 жилийн хугацаанд хамтран ажиллаж, өнөөдөр үр дүнгээ тайлагнан төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ДЭМБ, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага, эмнэлгүүдийн төлөөлөл оролцож шинэчлэлийн бодлого хэрэгжсэн нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэл талаар хэлэлцсэн юм.
Стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний багц, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эдгээр багцад орсон тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж чадах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам, шалгуур, мөн эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээ нэг бүрийн чанарыг хянах шалгуур, журам зэрэг стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л дүрэм журмыг шинэчлэхэд “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төсөл“-ийн баг техникийн туслалцаа үзүүлсний үр дүнд эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Тухайлбал,
Эмнэлгүүдийг орцоор санхүүжүүлэхийг бүрэн зогсоож, үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлоор буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсны үр дүнд иргэнээ дагасан санхүүжилтийн тогтолцоо бий болж, санхүүгийн эрсдэл, чирэгдэл буурах, эмнэлгийн санхүүгийн менежмент сайжрах, эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэх боломжтой боллоо.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт, зохион байгуулалтыг оновчтой болгосны үр дүнд хөнгөлөлттэй эм иргэдэд чирэгдэлгүй хүрдэг болж, хүртээмж нь өнгөрсөн жилийн хугацаанд 43 хувиар өссөн байна.
Жирэмсэн, хүүхэд, тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж авдаг иргэд гээд нийт 7 бүлгийн хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэний төлөх хамтын төлбөрөөс чөлөөлсний үр дүнд 2021 оны 3 сараас 2022 оны 03 сарын хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийн хамтын төлбөрийг эдгээр иргэдийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан төлсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас улс хувийн эмнэлгийг ялгахгүйгээр яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хорт хавдар, гэмтэл, түлэгдэлт, тархины цус харвалтын зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн санхүүжүүлсний үр дүнд эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдлээ.
Эмч, мэргэжилтнүүд олон улсын эмнэлзүйн удирдамжийн UpToDate цахим платформыг үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлснээр эмчилгээ оношилгоог олон улстай хөл нийлүүлэн, нотолгоонд суурилан хийх боломж нэмэгдлээ.