Хайх

Санал болгох түлхүүр үг:

Ш.Сэлэнгэ: 160 төрлийн эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг үзүүлж байна

post-title

 Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ бий болсноор өвдсөн, зовсон иргэдэд их нэмэртэй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд хөнгөлөлттэй эмний үнэ нэмэгдсэн байна гэх яриа гарсаар байна. Ер нь хөнгөлөлттэй эмийг тойрсон зарим нэг асуудлын талаар  ЭМДЕГ-ын БТГ-ын ТҮБЗХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн хэн ч байсан хөнгөлөлттэй үнээр эм авах эрхтэй юу?

-Тиймээ, ЭМД-ын шимтгэлээ төлсөн иргэд эмчийн бичсэн жорын дагуу хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой.

-Хөнгөлөлттэй олгодог эм авахад их урт дараалал үүсдэг байсныг болиулсан нь хэрэглэгчдийн таашаалд их нийцсэн ажил болсон. Гэтэл одоо үнэ нь нэмэгдсэн байна гээд өндөр настнууд их бухимдалтай байна?

-ЭМДС-аас олгож буй эмийн үнийн хөнгөлөлт эдэлж буй иргэдийн 72 хувь нь тэтгэврийн насны ахмадууд байдаг ба эдгээр насныханд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөхөөр тусгасан. Үүнтэй холбоотой 24 худалдааны нэрийн эмтэй ижил худалдааны нэр, тун хэмжээ бүхий 58 худалдааны нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг 30 хувь болгож бууруулсан.

 

-Хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлдэг иргэдийн ихэнх хувь нь өндөр настнууд. Тэдний тэтгэвэр хэд билээ, тиймээс энэ шийдвэр хэр оновчтой юм бол? яг хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

 -Халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 нэр төрлийн 24 худалдааны нэрийн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлснээр эдгээр эмийн хүртээмж 20-иос их хувиар өсөж, халдварт бус өвчнөөр оношлогдсон боловч санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ хэрэглэж чадахгүй байгаа иргэд, даатгуулагчид хүрч үйлчлэх боломжийг бий болгосон

.-Үнэ нэмэгдүүлэх шийдвэрийг яг хаанаас гаргасан бэ?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг баталдаг.

 

-Ер нь яг хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Эмийн үнийн дээд хязгаарыг  эмийн зах зээл дээрх үнийг баримтлах буюу  тухайн эмийн нэр, бар код бүхий эмийн зах зээл дээр борлуулагдсан тоо хэмжээ, нэгжийн бөөний болон жижиглэнгийн зах зээлийн үнийн судалгаа Монгол улсад импортоор орж ирсэн эмийн үнийн мэдээлэл зэрэгт холбогдох тооцооллыг хийж эмийн худалдааны нэршил тус бүрээр үнийн дээд хязгаарыг тогтоосон. ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоолоор дээрх аргачлалын дагуу, судалгаа үнэлгээнд үндэслэн 160 эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн хөнгөлттэй эмэнд  төлөх  хэмжээ нэмэгдсэн нь зарим эмийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хэмжээ буурсантай холбоотой.

-Хөнгөлөлттэй олгодог хэдэн нэр төрлийн хэчнээн эм байдаг юм бол. Голдуу ямар өвчний үед хэрэглэдэг эмийг хөнгөлдөг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтад ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлээр 590 нэр төрлийн эм багтсан бөгөөд ерөнхий нэршлийн 11, худалдааны нэршлээр 54 нэр төрлийн эм нэмэгдсэн.

-Хөнгөлөлттэй эм хэрэглэгчдийн насны болон хэрэглээний тухайд судалгаа бий юу?

-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох эмийн нэр төрлийг сонгохдоо Монгол Улсын хүн амын дунд нийтлэг тохиолддог, даатгуулагчийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд оруулдаг өвчин эмгэгийн эмнэл зүйн удирдамжид зөвлөсөн эмийг сонгох зарчим баримталдаг. Өвчин эмгэгийг сонгохдоо архаг өвчин, хурц өвчин, хүүхэд болон ахмад настанд зонхилон тохиолдох өвчнийг тодорхой аргачлалаар сонгодог.

-Урд нь хөнгөлөлттэй байсан, харин одоо хасагдсан байна гэх яриа байдаг. Ер нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас эм хасагддаг уу?

-Зайлшгүй шаардлагатай эмийн 9-р жагсаалт болон Монгол улсын эмийн бүртгэл, тухайн өвчний үед хэрэглэх эмийн удирдамжийг үндэслэн жагсаалт гаргадаг. ЭМД-аар хөнгөлөх эмийн жагсаалт шинэчлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоног олон нийтээс санал авахаар цахим хуудсанд байршуулан ирүүлсэн саналыг тусган баталсан. Бүртгэлийн хугацаа дууссан, эм оруулж ирдэг аж ахуйн нэгж дахин оруулж ирэхгүй болсон тул хүсэлт ирүүлсэн тохиолдолд хөнгөлттэй эмийн жагсаалтаас эм хасдаг.

-Ер нь хойшдоо эдийн засгийн хямралтай байна гээд үнэ нь нэмэгдээд байх юм биш биз дээ?

-Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн тухайн эмийн худалдааны нэршил, бар код бүхий эмийн зах зээл дээр борлуулагдсан тоо хэмжээ, эмийн бөөний болон жижиглэнгийн зах зээлийн үнийн мэдээлэл  бусад тооцооллыг үндэслэн шаардлагатай эмүүдийн үнийн дээд хязгаарыг шинэчлэн боловсруулж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, үнийн  дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчилдэг.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин /2022.09.16 №113 /