Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гишүүн орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бэхжүүлэх, даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд стратегийн худалдан авалтыг нутагшуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ДЭМБ-тай хамтран Монгол Улсад стратегийн худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх цуврал анхны сургалтыг “Эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээлэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтад ЭМЯ, ЭМДEГ-ын удирдлагууд, төв болон орон нутгийн албан хаагчид, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, зөвлөхүүд зэрэг нийт 160 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцлоо.
Энэ үеэр ДЭМБ-ын НДББ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, тусламж үйлчилгээний нэгжийн зохицуулагч Луйс Виналс Торрес “Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, стратегийн худалдан авалтын үндсэн зарчмууд”, ЭМДЕГ-ын ХАГГ-ын дарга Б.Оюунцэцэг “Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн хүрээнд хүрсэн амжилт, тулгарч буй бэрхшээлүүд”-ийн талаар тус тус мэдээлэл хүргэж, хэлэлцүүллээ.
Монгол улс нь ДЭМБ-аас дэвшүүлсэн 2030 он гэхэд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх” зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг илүү идэвхтэй худалдан авалт руу чиглүүлэх зорилгоор 2020 онд Эрүүл мэндийн багц хуулиуддаа өөрчлөлт оруулж, Стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжиж, ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”, 2021 оны 13 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн журам”-ыг Стратегийн худалдан авалтын концепцтой нийцүүлэн өөрчилсөн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд ЭМДС-аас санхүүжүүлж буй нийт 705 оношийн хамааралтай бүлэг тус бүрээр тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шаардлага бүхий давхардсан тоогоор 48,000 шалгуурыг боловсруулан ажиллаж байна.