Цахимаар эмийн жор бичихдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор генетик болон биометрик мэдээллийг ашиглах”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх”, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/495 тушаалаар баталсан ”Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “Эмч цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна.” ЭМДЕГ-ын даргын 2020 оны А/115 тоот тушаалаар баталсан ”Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.3.1-д “Эрүүл мэндийн байгууллага, эмч нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг даатгуулагчдад мэргэжлийн дагуу үзлэг хийж, даатгуулагчийн иргэний үнэмлэх, даатгуулагчийн хурууны хээний баталгаажуулалт дээр үндэслэн бичих бөгөөд жор бичсэн эмч мөн хурууны хээний баталгаажуулалт давхар хийж, цахим жор хүчинтэй болно” гэсэн заалтуудыг мөрдөн ажиллаж байна.
Дээрх хууль, заавар, журмын дагуу эмийн жорыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь e-hospital, лавлагаа шатлалын эрүүл мэндийн өөрсдийн ашиглаж буй цахим систем дээр бичиж байгаа хэдий ч төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан эмчийн болон иргэний хурууны хээний баталгаажуулалт хийгдэхгүй байгаа зөрчил хяналт, шалгалтаар илэрсэн.
Иймд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь health.gov.mn цахим систем дээр, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдийн ашиглаж буй цахим системийг “ХУР” системтэй холбон жор бичих эрх бүхий эмчийн болон иргэний хурууны хээгээр цахим жорыг баталгаажуулан ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж байна.