Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар оруулж, батлуулаа.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилттэй уялдууллаа.
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, Улаанбаатар-1 ) тохируулж өгсөн. Жишээлбэл: Баруун бүсэд байршиж буй ЭМБ-ууд нь УБ хотод байршиж буй эмнэлгүүдээс 15%-иар илүү тарифаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн үг юм. Ингэснээр иргэн оршин байгаа газраа санхүүгийн ямар нэгэн эрсдэлд оролгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.