ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг дээшүүлэх, туршлага солилцох цахим сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр зохион байгуулдаг.
Өнөөдрийн сургалтыг Олон нийттэй харилцах хэлтсээс зохион байгууллаа. Сургалтын эхэнд олон нийттэй харилцах хэлтсийн үйл ажиллагаа болоод цахим орчинд иргэдийг хэрхэн мэдээллээр хангаж ажиллаж байгаа талаар товч танилцуулаад, ЭМДЕГ-аас үзүүлэх төрийн үйлчилгээг олон нийтэд хэрхэн сурталчлах, хэрхэн мэдээллийн технологи ашиглаж даатгуулагч иргэдийг мэдээллээр хангах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр ОНХХ-ийн дарга Т.Амаржаргал салбарын шинэчлэл, байгууллагын үйл ажиллагаа болоод иргэдэд чухал хэрэгцээтэй байгаа мэдээллийг аль болох олон хүнд хүргэж ажиллахад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн газар, хэлтсийн албан хаагчдын идэвх санаачилга чухал нөлөөтэй талаар дурьдаад, байгууллагынхаа үйл ажиллагааг өөр өөрсдийн сувгаар дамжуулан өдөр тутамд түгээж хэвшихийг уриалсан юм.
Сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн нийт 100 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.
Өнөөдөр төрийн байгууллагын хөгжлийг иргэд, олон нийтийн санал, хүсэлт, шүүмжлэлийг хэр сайн сонсож, иргэдэд мэдээллийг ил тод шуурхай хүргэж, түүний мөрөөр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар хэмждэг болсон. Энэ ч үүднээс ЭМДЕГ нь иргэн даатгуулагчдыг тогтмол мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2022 онд 10714 иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн бол 662 мэдээ мэдээллийг бэлтгэж, олон нийтийг шуурхай мэдээллээр хангаж ажилласан байна.