Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьж, иргэд даатгуулагчдад чанартай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэрээт эмнэлгүүдэд санхүүжилт олгодог.
Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагууд иргэн-даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.
Тэгвэл 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд иргэний гомдол, мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.
Хяналтаар тус эрүүл мэндийн байгууллага нь нэр бүхий 71 ажилтныхаа хувийн мэдээллийг ашиглан өдрийн эмчилгээний түүхийг хуурамчаар үйлдэж, улмаар ЭМД-ын сангаас 18.7 сая төгрөгийг нэхэмжилсэн зөрчлийг илрүүллээ.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах БХ-01/001 тоот гэрээний 3.6.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэлээ.