Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.12-т ‘’Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулна”; ЭМДҮЗ-ийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын 3.1-т “Ажлын алба нь орон тооны бус техникийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зарлаж, зохион байгуулна” гэж тус тус заасны дагуу энэхүү хороог байгуулах гэж байна. Тус хороо нь 9 гишүүнтэй байх ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, чанарын хяналт болон эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, чанарын хяналтын асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач-3, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ санхүүгийн хяналтын асуудлаар мэргэшсэн санхүүгийн шинжээч, судлаач-2, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл-2, даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл-2 гишүүн байна.
Дор дурдсан шаардлага хангасан мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын болон даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөллийг Техникийн хороо (орон тооны бус)-ны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Монгол Улсын иргэн байх;
2. Анагаах ухаан, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эдийн засаг, даатгал, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан байх;
3. Эрүүл мэндийн удирдлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн арга, өртөг тооцох болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр судалгааны арга зүйн мэдлэгтэй, судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, тоон анализ хийх ур чадвартай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
4. Эрүүл мэндийн удирдлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн арга, өртөг тооцох болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж байсан;
5. Анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамжийг ашиглах, тухайн хэлэлцэх асуудлаар олон улсын хүлээн зөвшөөрөгдөхүйц эх сурвалжтай харьцуулах ур чадвартай байх;
6. Англи хэлний болон компьютерийн өргөн хэрэглээний програм, цахим орчинд ажиллах мэдлэг, чадвартай байх;
7. Холбогдох асуудалд эрсдэлийн үнэлгээ хийх, өнөөгийн болон ирээдүйн нөлөөллийг нь тодорхойлох, бичиг баримт боловсруулах, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
8. Эрүүл мэндийн даатгалын байгууллагад эмнэлзүйн шинжээчээр болон даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагад ажилладаггүй байх;
9. Ёсзүйн зөрчил гаргаж байгаагүй, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах чадвартай байх;
10. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Техникийн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчид дараах материалыг ажлын албанд ирүүлнэ:
1. Хувийн хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;
4. Дээд боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийн нотлох баримтын хуулбар;
5. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтээл, жагсаалт;
6. Гадаад, дотоод сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
7. Гадаад хэлний мэдлэгтэйг нотлох баримтын хуулбар;
8. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
9. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ батлагдсан маягтаар илэрхийлсэн мэдэгдэл (Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт);
10. И-монголиа цахим системээс нийгмийн даатгалын лавлагаа болон иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
11. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг нэр дэвшигч тухайн харъяалах байгууллагын удирдлагаас гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн, ур чадварыг тодорхойлсон албан бичиг;
12. 3*4 хэмжээтэй 2 хувь зураг.
Шаардлага хангасан нэр дэвшигчид дээрх материалыг emduzalba@gmail.com цахим хаягаар, мөн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг С блок, 7 давхар 708 тоот өрөөнд 2024 оны 03 дугаар сарын 18-ны 17 цаг хүртэлх хугацааны дотор ирүүлнэ үү.
ТЕХНИКИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ тогтоолыг энд дарж харна уу.
Шаардлага хангасан нэр дэвшигчдийг техникийн хорооны журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулан томилно.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам
гудамж, Юнион Бюлдинг С блок 708 тоот
Утас: 99061868, 99991284