Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тогтоолыг баталсан. Үндэсний зөвлөлийн тогтоолоор шинээр багц батлагдах бүрт нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг боловсруулж чанар, төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх шаардлага тулгардаг.
Энэ хүрээнд яг одоо нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтнүүдийг шинээр боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг ашиглан чанар, төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх аргачлалаар хангах, чадавхыг бэхжүүлэх “Шалгуурын дагуу хяналт хийх” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг АХБ-ны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкны “МОН 9701 техник, туслалцааны төсөл”-ийн зөвлөхүүд удирдан явуулж ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.