ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсноор төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч даатгуулагч-иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр хүргэдэг болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг даатгалын байгууллагад илгээж, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг шийдвэрлэх шинэ тогтолцоонд шилжсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн цахим хяналтыг хийхдээ шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг оновчтой зарцуулахад анхааран ажилладаг.
Өнөөдрөөс эхлэн нэхэмжлэлийн хяналтыг зөвхөн даатгалын байгууллагын ажилтан бус үйлчилгээ авсан иргэн өөрөө давхар тавих боломжийг бүрдүүлэн технологид суурилсан мессеж үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл гэрээт ЭМБ-аас даатгуулагч-иргэний нэр дээр ирсэн гүйцэтгэлийн нэхэмжлэлийн мэдээллийг манай байгууллагын +133103 дугаараас тухайн иргэний утсанд мессежээр илгээж тусламж, үйлчилгээ авсан эсэх болон тусламж, үйлчилгээнийхээ чанарын талаар санал хүсэлтээ илгээх боломжтой боллоо. Ингэснээр гүйцэтгэлийн нэхэмжлэлийн хяналтыг сайжруулах, иргэн-даатгуулагч өөрийн авсан тусламж, үйлчилгээний санхүүжилтийн мэдээллээ давхар хянах, эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангаас авч байгаа санхүүжилт даатгуулагч-иргэдэд ил тод хүрдэг болох юм.