Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл хайсан зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд ЭМДЕГ-ын төвийн газар, хэлтэс болон 21 аймаг, 2 дүүрэг дэх хэлтсийн 40 гаруй удирдах ажилтнууд оролцож байна.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид 2022 онд даатгуулагч иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн үндсэн хоёр зорилгыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд удирдах ажилтнуудаа чадавхжуулах, үйл ажиллагааны үндсэн чиглэл, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах зорилгоор хоёр жилийн хөл хорионы дараа нэгдсэн уулзалтыг хийж байгаа нь энэ. Зөвлөгөөнөөр хамтдаа гарц, шийдлийг эрэлхийлж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх шинэлэг санаа, санаачлагууд гарна гэдэгт итгэлтэй байна.“ гэсэн юм.
ЭМДЕГ нь иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бүтэц, үйл ажиллагаагаа стратегийн худалдан авах үйл ажиллагааны олон улсын сайн туршлагатай нийцүүлэн өөрчлөн шинэчилсээр байна. Тухайлбал, 2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг, өөрөөр хэлбэл төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс даатгалын сан руу нэгтгэж нэг эх үүсвэрээс эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.
ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсон нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 10,395,388 даатгуулагч-иргэдийн авсан тусламж үйлчилгээнд 1 их наяд 160 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцож гэрээ бүхий 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагад олгоод байна.