Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

post-title

 

БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчид “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг эхлүүлэхээр Монгол Улсад ажиллаж байна. Тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын санхүүгийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөөг хамтран боловсруулах юм.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт болж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ЭМЯ-ны газрын дарга нар, ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, KOICA-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга Рю Сук Ён болон холбогдох байгууллагын төлөөлөл, удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга Рю Сук Ён нар төслийн хүрээнд хоёр байгууллагын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон “Төсөл хэрэгжүүлэх баримт бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар төслийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны туршлагаас суралцаж, Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцсэн санхүүгийн удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх нь хамтын ажиллагааны чухал ач холбогдолтойг онцоллоо.Төслийн хүрээнд даатгалын орлого бүрдүүлэлт, шимтгэлийн үйл ажиллагаа, санхүүжилт, төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах болон эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн БНСУ-ын Илсан эмнэлгийн түшиглэн хэрэгжүүлдэг бодлогын судалгаа, туршилтын үйл ажиллагааны туршлагаас суралцах, мэргэшсэн хүний нөөц бэлтгэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Монголын тал төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох ажилтнуудын оролцоог бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ.