Хайх

Санал болгох түлхүүр үг:

Л.Бямбасүрэн: Даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалъя, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя гэсэн зорилго тавьсан

post-title

Зиндаа сэтгүүлийн “Түшээ” булангийн зочин хойморт Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга, хатагтай Л.Бямбасүрэн уригдлаа. Тэрбээр ажлын анхны гараагаа эрүүл мэндийн салбараас эхэлсэн, Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн төгсөгч, Анагаах ухааны магистр зэрэгтэй их эмч, Нийгмийн удирдлагын менежер. Нийгмийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаагаас эрүүл мэндийн салбарт 14 дэх жилдээ хүч хөдөлмөрөө зориулж яваа мэргэшсэн төрийн түшээ билээ. Л.Бямбасүрэн 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох олон ажлыг санаачлан гар бие оролцсон бөгөөд 2020 оноос эхлэн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-ын даргаар томилогдон ажиллаж байна. 

Бидний ярилцлагын сэдэв цэвэр ажил хэрэг буюу түүний удирдаж буй эрүүл мэндийн даатгал хэмээх чухал салбарын бодлого, үйл ажиллагааг уншигч олонд таниулах зорилготой. ЭМДЕГ-ын даргаас асуух асуулт маш их байх нь мэдээж. Иймд бид иргэдийн хамгийн их асууж тодруулахыг хүсдэг тодорхой сэдвүүд дээр анхаарлаа хандуулахын сацуу тус байгууллагын үйл ажиллагааны онцлог, явагдаж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар тодотгон асууж уншигчдадаа хүргэхийг зорилоо.


-ЭМДЕГ-ын үйл ажиллагаа маш өргөн цар хүрээтэй болохыг танай веб сайтаас харж байлаа. Орон даяар иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой энэ үйлчилгээг эх орны өнцөг булан бүрд хүргэх нүсэр бүтэц, үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэдэг амаргүй санагдсан шүү. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай байгууллага өмнө нь НДЕГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулж байсныг та бүхэн мэднэ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны  344-р тогтоолоор бие  даасан бүтэц ЭМДЕГ байгуулагдсан. Нийт таван газар, 30 хэлтэстэй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа.

Миний хувьд ажлын өдрийн төгсгөлд маргаашийнхаа ажлыг төлөвлөдөг. Маргааш нь ажлаа яг төлөвлөснийхөө дагуу эхлэхийг л эрхэмлэж ажилладаг даа. Үндсэн ажлынхаа нэгээхэн хэсгээс дурдвал: Ирсэн бичгүүдтэй нэг бүрчлэн танилцаж, холбогдох нэгжүүдэд нь цохно, эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ хүрээнд ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж буй явцтай танилцах, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох газарт нь албан тоот хүргүүлэхийн сацуу сошиал медиаг нэлээд ажиглана. Учир нь манайтай холбоотой ямар мэдээлэл гарав, цахимтай холбоотой хаана ямар саатал гарах нь вэ, санаа авч сайжруулах зүйл юу байна гэдэгт анхаарлаа хандуулна. Цагийг л яг таг баримтлахыг  хичээдэг, ингэснээр бусдын ажилд төвөг учруулахаас сэргийлнэ гэж боддог. Ковид гээд бид чинь байнга зааланд хуралдаад байхгүй цахимаар хуралддаг болсон нь бас цаг хэмнэх давуу тал юм даа.

-ЭМДЕГ-ын өнөөгийн үйл ажиллагааг манай уншигчдад хамгийн товч бөгөөд тодорхойгоор танилцуулбал юуг нь илүү онцлох вэ? ЭМДЕГ-ын үйл ажиллагааны гол зорилго нь иргэн-даатгуулагчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, чанартай тусламж, үйлчилгээг худалдаж авч өгөх явдал гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. 

Тийм ээ, ЭМДЕГ нь иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. ЭМДЕГ нь бүтэц, үйл ажиллагаагаа стратегийн худалдан авах үйл ажиллагааны олон улсын сайн туршлагатай нийцүүлэн өөрчлөн шинэчилж байна. 2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орсон. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг, өөрөөр хэлбэл, төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс даатгалын сан руу нэгтгэж нэг эх үүсвэрээс эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон. Энэхүү санг ЭМДЕГ буюу манай байгууллага хариуцан эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлж байна. Эмнэлгүүдийг орцод суурилан зардлын зүйл ангиар санхүүжүүлдэг байсныг бүрэн халж, гарцад буюу эмнэлгүүдийн үзүүлсэн тусламж, үйлчилгээгээр нь чанарын хяналт хийж байж санхүүжүүлдэг болсон. Үүнийг олон улсын практикт нэг худалдан авагчийн тогтолцоо гэж нэрлэдэг. Үүнийг мөн стратегийн худалдан авалт ч гэж нэрлээд байгаа бөгөөд энэ нь нэгдсэн санд байгаа нөөцөө  үр ашигтай зарцуулах, иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг  санхүүжүүлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагыг оновчтой сонгон шалгаруулж гэрээлэх, эрүүл мэндийн байгууллагаас худалдан авч байгаа тусламж, үйлчилгээ нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах, үнэлэх үйл ажиллагааг сайжруулна гэсэн үг юм.

-Тухайлбал, иргэдийг санхүүгийн эрсдэлээс сэргийлэх ямар зүйл заалт илүү тодорхой болж өөрчлөгдсөн бэ?

-Нэгдүгээр гол ажил бол Улсын болон эрүүл мэндийн байгууллагын даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтыг нарийвчлан тогтоож, жагсаалтад орсон тусламж, үйлчилгээний бодит өртөг зардлыг тооцон, үүний нэгдсэн сангаас болон хувь хүнээс төлөх төлбөрийн хэмжээг маш тодорхой болгож, ЭМДҮЗ-өөр батлуулсан. Ингэхдээ иргэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авахдаа аль болох санхүүгийн эрсдэлд орохгүй байх зарчмыг баримталсан. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд бүхий л мэс заслууд, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, харвалт шигдээс, хорт хавдрын тусламж, үйлчилгээ, төрөх эмэгтэйчүүд, түлэгдэлт гэх мэт тусламж, үйлчилгээ хамрагдах бөгөөд эдгээр тусламж, үйлчилгээг авахдаа иргэд халааснаасаа төлбөр төлөхгүй болсон. Өвчтөний ар гэрээс авчруулдаг байсан эм тарианы зардлыг ч санхүүжүүлэх үнэ тарифдаа оруулж тооцсон учраас ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудаар иргэд үйлчлүүлэхэд тогтоолд заасан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Тэтгэврийн насны хөгшид, эмзэг бүлгийн ард иргэд, жирэмсэн эмэгтэй, хоёр хүртэлх насны хүүхдээ асарч буй ээж гэх мэт нийт долоон бүлгийн хүн амыг хамтын төлбөрөөс чөлөөлсөн. Эхний үр дүнгээс нь харахад 2021 онд нийт 39 тэрбум төгрөгийг эдгээр иргэдийн хамтын төлбөрт нэгдсэн сангаас зарцуулсан байна. Энэ нь эдгээр долоон бүлгийн ард иргэдийг 39 тэрбум төгрөг төлж тусламж үйлчилгээ авах байснаас чөлөөлсөн гэсэн үг.

-ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудад иргэд үйлчлүүлснээр санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах нь ээ. Гэрээт байгууллагуудыг сонгон шалгаруулахдаа ямар зарчим баримталж байгаа вэ?

-Манай байгууллагын дараагийн чухал ажил нь ард иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж чадах эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээлэх үйл ажиллагаа юм. Энэхүү сонгон шалгаруулалтад улсын болон хувийн бүхий л эмнэлгүүд оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтын журмыг зарчмын томоохон өөрчлөлт хийж боловсруулан, ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 тоот тогтоолоор батлууллаа. Сонгон шалгаруулалтыг цахимаар хийх бэлтгэл ажлыг ханган, сонгон шалгаруулалтын нарийн шалгуурыг Оношийн хамааралтай бүлэг бүрээр нарийвчлан боловсруулж, ЭМДЕГ-ын тушаалаар батлан сонгон шалгаруултдаа ашиглах гэж байна. Лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний жагсаалт, тариф, нэгдсэн сангаас санхүүжүүлэх хэмжээг ЭМДҮЗ-ийн  2022  оны  01  дүгээр  тогтоолоор баталсан. Үүний дагуу лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг даатгалын санхүүжилтээр ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт явагдана.

-Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон энэ үед гүйцэтгэлийн хяналтыг хэрхэн хийж байгаа вэ?

-Манай байгууллага үүн дээр томоохон өөрчлөлт хийж, чанарын хяналт хийхдээ олон улсын эмнэлзүйн удирдамжид суурилсан шалгуурыг ашиглаж нэхэмжлэлийн хяналтыг цахимаар хийдэг болоод байна. Өөрөөр хэлбэл, чанарын хяналт хийх журам, шалгуур маш тодорхой болсон. Гэрээт ЭМБ-уудыг энэ талаарх мэдээллээр сайтар ханган ажиллаж байна.

Мэдээж, энэ бол манай шинэчлэлийн бас нэгэн зорилго байсан.

Эрүүл мэндийн салбар нь төгс зах зээл биш учир энэ харилцаанд орж байгаа үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч хоёр ижил мэдээлэлтэй байдаггүй.

Энгийн зах зээл дээр бол ресторанд ороод ямар хоол захиалах вэ? Үнэ нь ямар байна? Амт чанартай байна уу гэдэгт үйлчлүүлэгч хяналт тавьж чаддаг. Гэтэл Эрүүл мэндийн зах зээлд нийлүүлж байгаа буюу үйлчилгээ үзүүлэгч нь тухайн иргэн, үйлчлүүлэгчдэд ямар тусламж, үйлчилгээ, эм хэрэгтэйг шийддэг учраас үйлчлүүлэгч чанарыг хянах боломжгүй байдаг. Иймээс энэ дутагдлыг ЭМД-ын байгууллага даатгуулагчдын өмнөөс хэрэгжүүлдэг. Тэгэхээр манай даатгуулагчдад яг энэ эм, тусламж, үйлчилгээ хэрэгцээтэй байсан уу? Үзүүлсэн үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, стандартыг мөрдсөн үү, чанартай байсан уу? Өөрөөр нь эм тариа авхуулаад санхүүгийн эрсдэлд оруулж уу гэдгийг нь хянах, үнэлэх чиг үүрэгтэй. Иймд  эмнэлзүйн удирдамжийн хувьд олон улсын жишиг рүү  тэмүүлэх зорилгоор Up-to-date эмнэлзүйн платформыг нэвтрүүлэх боломжийг Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн. Одоо Монголын бүх эмч, мэргэжилтнүүд маань олон улсын эмнэлзүйн удирдамжуудыг уншиж, хэрэглэх боломжтой болсон. Харин манай даатгалын байгууллагын хувьд ЭМД-ын тухай хуулийн дагуу олон улсын удирдамжид заасан эмчилгээний шалгуурын дагуу тусламж, үйлчилгээгээ тухайн эрүүл мэндийн байгууллага үзүүлсэн эсэхэд чанарын хяналт тавьж санхүүжилтийг нь олгож байгаа. Энэхүү шалгуурыг ЭМДҮЗ-ийн 2021 оны 5-р тогтоолоор батлуулж, мөрдөж эхлээд байна. Өнгөрсөн оны нэхэмжлэлийн хяналтын үр дүнгээс харахад нийт нэхэмжлэлд олгох санхүүжилтийн 17 орчим хувь нь хасагдсан байна. Тэгэхээр 17 хувь нь чанарын шаардлага хангаагүй тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэсэн үг. Гэвч энэ хяналтын тогтолцооны зорилго нь хасалт хийх биш бөгөөд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь л чухал юм. Даатгуулагчдад чанартай үйлчилгээ үзүүлээд, доголдол үүсэхгүй байвал манайх хасалт хийх шаардлагагүй.

-Эрүүл мэндийн санхүүжилтэд шинэчлэл хийснээр ямар давуу байдал бий болов, мөн засаж залруулах шаардлагатай ямар сул тал ажиглагдаж байна вэ?

-Энэхүү шинэчлэлийг яагаад хийх болсон бэ гэдгээс эхэлье. Бидний хувьд хоёр тусдаа явсан эх үүсвэрийг нэгтгэх нь зорилго ерөөсөө биш. Харин үйл явц юм. Ер нь эрүүл мэндийн системийн үндсэн зорилго нь ард иргэдээ эрүүл байлгах, өвдсөн нэгнийг нь чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн бэрхшээлгүй авдаг болгох явдал. Үүнийг Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад хүрэх гэж “Тогтвортой хөгжлийн зорилтод” тодорхойлсон байдаг. Улс орнууд тус зорилгод хүрэхээр хичээж ажиллаж байна. Гэтэл эрүүл мэндийн тогтолцоо хангалтгүй ажиллаад байгаагаас үүдээд иргэдийн өвчлөл ихсэх, өвчин хожуу шатандаа илрэх, улмаар эмчлүүлэхэд маш их төлбөр гарч, төлж чадахгүйгээс болоод иргэд санхүүгийн сүйрэлд өртдөг. Иймд энэхүү шинэчлэлийн зорилго маань “Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад хүрэх” буюу ер нь бол чанартай тусламж, үйлчилгээг  шаардлагатай даатгуулагчдад нь худалдан авч өгч, санхүүгийн эрсдэлд өртдөггүй болгоход чиглэж одоогийн санхүүжилтийн тогтолцоогоо өөрчилье, шинэчилье гэсэн зорилготой. Задалж хэлэх юм бол, Нэгдүгээрт, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя. Хоёрдугаарт, санхүүгийн эрсдэлээс хамгаалъя. Өөрөөр хэлбэл “даадаг” даатгал болъё. Гуравдугаарт, хоёр тусдаа эх үүсвэрээс явахаар дунд нь даатгуулагч хаягдаад байх, үр ашиггүй давхардсан систем бий болохоос сэргийлье. Дөрөвдүгээрт, эмийн чанарыг сайжруулах, үнийн зохицуулалттай болгоё, хөнгөлөлттэй эмийн чирэгдлийг бууруулъя. Тавдугаарт, ажлын гүйцэтгэлтэй уялдсан цалин урамшууллын механизмтай болъё гэсэн зорилгуудыг дэвшүүлсэн. ЭМДЕГ-т хийгдэж буй ажлууд нь дээрх бодлогуудыг санхүүгийн хувьд дэмжиж, хөшүүрэг бий болгож байна гэсэн үг юм. Харин манай байгууллагын хувьд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалъя, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя гэсэн л зорилго тавьсан.

-Мэдээж, гадаад улс орнуудын сайн туршлагаас хэрэгжүүлж, авах гээхийн ухаанаар хандаж байгаа байх. Манай улсын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аль орны ямар туршлага байдгийг ч судалсан байх. Энэ талаар?

-ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гишүүн орнууд бүх нийтийн  эрүүл мэндийн хамралтад хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бэхжүүлэх, даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд стратегийн худалдан авалтыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өндөр хөгжилтэй орнуудад энэ үйл ажиллагаа харьцангуй сайн хөгжсөн, институцийн чадавх нь сайн бэхэжсэн байдаг.

Хөгжиж буй орнуудын хувьд энэ нь манай орны нэгэн адил Засгийн газрын нь тэргүүлэх чиглэл болоод явж байгаа.

Манай байгууллага стратегийн худалдан авах үйл ажиллагаагаа сайжруулахын тулд Япон, Солонгос, Эстони, Тайвань зэрэг улс орнуудын туршлагыг маш сайн судалж, өөрийн орны нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой сайн туршлагыг нь нэвтрүүлж байна.

Жишээ нь, нэхэмжлэлийн хяналтдаа Өмнөд Солонгос улсын HIRA гэдэг даатгалын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. HIRA нь тусламж, үйлчилгээний хяналт хийхдээ дэлхийд дээгүүр орохоор сайн ажиллаж байгаа юм. 2021 оноос эхлүүлсэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл: Хоёр сангаа нэг санд нэгтгэж нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгосон, тусламж үйлчилгээг орцоор нь биш гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон, ЭМДЕГ-ын худалдан авах үйл ажиллагааг бэхжүүлж тусламж, үйлчилгээний өртөг зардлыг  бодитой  болгох, тусламж, үйлчилгээний чанарыг олон улсын эмнэлзүйн удирдамжид үндэслэн боловсруулсан шалгуураар хянадаг болж байгаа, мэдээллийн технологийг  ашиглаж нэхэмжлэлийн  хяналтыг цахим болгож байгаа зэрэг нь бусад улс оронд ч сайн туршлага болохоор шинэчлэлүүд болоод байгаа. Улс орнуудын нөхцөл өөр, шийдэх асуудал, шийдвэрлэсэн байдал нь ч өөр байдаг учир шууд хуулбарлах нь өрөөсгөл. Иймд бид олон улсын сайн туршлагыг судлан өөрийн орны хөрсөнд тохируулан нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна.

-Салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотойгоор цахим системийн ямар өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд даатгалын үйлчилгээг ойртуулан ажиллаж байна вэ? Мөн цаашид эрүүл мэндийн даатгалын цахим системд ямар  өөрчлөлт, шинэчлэлтүүд хийхээр төлөвлөж байгаа вэ?

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлд цахим систем маш чухал үүрэгтэй. ЭМД-ын байгууллагын хувьд эмнэлгүүдээс ирсэн даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хянаж олгохдоо цахим системд суурилж байж үр дүнд хүрнэ. Мөн ил тод болно. Өмнө нь даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээллийг XML буюу энгийнээр илэрхийлбэл Экселийн файл дээр жагсаагаад илгээдэг. ЭМДЕГ нь тус файлыг цахим систем рүүгээ оруулаад хяналт хийдэг байсан. Алдаа хасагдал ихтэй, нягтлах боломж бага, гар ажиллагаа ихтэй, бүтээмж муу тогтолцоо байсан. Харин гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд тус үйл ажиллагааг бүрэн цахим болгохоос өөр аргагүй болсон. Одоогийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 300 орчим эрүүл мэндийн байгууллага ЭМДЕГ-ын цахим системтэй “бодит цагийн горим” буюу real time хэлбэрээр холбогдсон. Энэ нь даатгуулагч аль эмнэлэгт ямар тусламж, үйлчилгээг авсан талаарх мэдээллийг ЭМДЕГ болон дээр дурдсан 300 орчим эрүүл мэндийн байгууллагад мэдээллийг нь шууд харж чаддаг, 1700 гаруй эмийн санд хөнгөлөлттэй эмийг олгохдоо аль даатгуулагчдад ямар эмийг ямар тунгаар бичсэнийг зэрэг харах, иргэд өөрт аль ойр үйлчилгээ сайтай эмийн санг сонгон үйлчлүүлэх зэрэг боломжийг цахим систем бүрдүүлж өгч байна.

Цаашид цахим систем дээр: 1.Эмнэлгийн өвчний түүх, анхан шатны баримтуудыг цахимд оруулах 2.Анхан шатны тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг цахимаар хянадаг болох 3.Иргэддээ мэдээлэх гэсэн үндсэн гурван функцийг бий болгохоор зорьж байна. Бид таны өмнөөс танд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарыг хянаад, санхүүжилтийг ЭМБ-д олгоно гээд шимтгэлийг нь төвлөрүүлсэн байгууллага. Иймд даатгуулагчдад мэдээлэх нь чухал. Энэ нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсын ЗГ-аас зарлаж буй эрт илрүүлгийг цахимжуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагатай холбох ажлыг хийхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.

-Тухайлбал, хөнгөлөлттэй эм олгох үйлчилгээг авахын тулд иргэд сар бүр очиж өрхийн эмчээр бичүүлэх шаардлагатай байдаг нь хүнд өвчтэй, хэвтрийн, тэр бүр хол явж чаддаггүй хүмүүст чирэгдэлтэй байдаг. Мөн цар тахлын үед олон хүн дараалалд зогсох зэрэг халдвар хамгаалал талаасаа ч хүндрэл учруулж байна гэдэг. Үүнийг цахимаар зохицуулах ямар боломжийг бий болгосон бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө хөнгөлөлттэй эм олгох үйл явц ямар байсан талаар дурдъя л даа. Жилд 32 тэрбум төгрөг төсөвлөдөг ч эмийн хүрэлцээ хангамж тааруу, сарын эхээр эм нь дуусдаг, иргэд хэрэгцээ шаардлагатай эмээ авч чаддаггүй гэсэн хэл ам их гардаг байсан.. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хөнгөлөлттэй эмийг илүү өргөн хүрээтэй олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь сонгон шалгаруулалтад тэнцсэн 900 орчим эмийн сангаар дамжуулан олгодог байсан бол одоо манайтай гэрээтэй бүх эмийн сангаар борлуулах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс хуулийн шинэчлэл хэрэгжээд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангуудын хязгаарыг байхгүй болгосон. Эмийн сангуудад ерөөсөө хоёрхон шаардлага тавьдаг болсон. Тусгай зөвшөөрөлтэй байх, Ebarimt системд холбогдсон байх. Ийм өөрчлөлт гарснаар иргэд одоо хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлаж зогсохоо больсон, сарын эхэнд заавал очих шаардлагагүй болж, сарын эцсээр эмийн санд очиход хөнгөлөлттэй эм нь байж л байх нөхцөл бүрдсэн. Хүмүүс энэ шинэчлэлд маш сэтгэл ханамжтай байдаг юм байна лээ. Хөнгөлөлттэй эмийг зөвхөн ахмадуудад хамаатай гэж ойлгох нь бий. Амбулаториор гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой өвчлөлтэй бол ямар ч насны хүн хэн ч бай энэ үйлчилгээг авах эрхтэй. Сар бүр эмчдээ үзүүлж шаардлагатай хөнгөлөлттэй эмүүдээ бичүүлэх нь зайлшгүй. Яагаад гэвэл эмч хүнээ үзээд биеийн байдлыг нь үнэлнэ. Эмийн тун нь тохирч байна уу, үйлчилгээ нь хэр байна, солих шаардлага байна уу г.м. Өөрөө явж чадахгүй хүнд өвчтэй, хэвтрийн хүмүүс өрхийн эмчийнхээ байнгын хяналтад байх ёстой. Эмч хүнээ үзээд хөнгөлөлттэй эм бичих боломжийг нь бид цахимд нээж өгсөн.

-ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол батлагдан гарснаас хойш бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бус эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Энэ нь хавдраар өвчилсөн хүмүүс, тэдний ар гэрийн санхүүгийн ачааллыг хөнгөвчилж байгаа ч хүртээмж нь хэр байдаг юм бол? Мөн энэ үйлчилгээ улсаас ЭМД-ыг нь төлдөг хүмүүст хамаарах уу?

-Улсын төсвийн болон ЭМД-ын төвлөрүүлсөн санхүүжилтээ оновчтой хуваарилах зарчим гаргаж ирсэн нь үр дүнгээ өгч байна: Нэгд, нэн шаардлагатай буюу амь нас аврах тусламж, үйлчилгээнд санхүүжилтээ илүү зарцуулъя, хувь хүнээс төлөх төлбөр буюу хамтын төлбөрөөс чөлөөлье. Үүнд яаралтай тусламж, хавдар, түлэгдэл, харвалт, шигдээс. Хоёрт, эмзэг бүлгийн иргэдийг хамтын төлбөрөөс мөн чөлөөлсөн. Ахмадууд, хүүхдүүд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт долоон бүлэг. Гуравт, сангийн үр ашгийг сайжруулах, шаардлагатай тусламж, үйлчилгээнд нь түлхүү хуваарилахад чиглэсэн бодлого явуулж байна. Мэдээж, энэ нь томоохон шинэчлэл учраас цаг хугацаа хэрэгтэй. Нэг дор өргөс авсан мэт болохгүй учраас тогтвортой үргэлжүүлэх, бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. ЭМДҮЗ-ийн 2021 оны 03-р тогтоол хэрэгжээд жил шахуу боллоо. Шинэчлэл хэрэгжүүлэх, хянах  явц, ЭМБ-даас гарсан санал, өвчлөлийн бүтэц, статистик зэрэг нэлээд хэдэн зүйлийг  харгалзан дээрх тогтоолыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсноор холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолоор шинэчлэн батлууллаа. Энэ тогтоолд нэмэгдсэн тусламж үйлчилгээнээс дурдвал, ПЭТ-КТ оношилгоог нэрлэж болно. Радио идэвхт бодисын тусламжтай хүний биеийн эд, эрхтний бодисын солилцоо, биохимийн идэвхийг дүрслэн харуулдаг оношилгооны арга. Энэ оношилгоо нь өндөр үнэтэй технологи учраас хамтын төлбөр өндөр байхаар оруулсан. Зөвхөн хүүхэд үзүүлсэн тохиолдолд хамтын төлбөрөөс чөлөөлнө. Ингэснээр иргэдийн гадагшаа явах урсгал, чирэгдэл, санхүүгийн дарамтыг бууруулна гэж тооцож байна.

ЭМДҮЗ-ийн 2021 оны 03-р тогтоолын хүрээнд хорт хавдрыг бүрэн шийдвэрлэх зорилт агуулж ажилласан хэдий ч цусны хорт хавдрын асуудал өртгийн судалгаанд хангалттай ороогүй учир орхигдсон байсан. Цусны хорт хавдраар өвдсөн даатгуулагчид хамгийн ихээр санхүүгийн сүйрэлд ордог, иргэнээр эм тариа авхуулсан хэвээр байгаа асуудлыг нарийвчлан судалж нэмж оруулж өгсөн. Энэ тусламж, үйлчилгээ нь нэгж өртгийн хувьд өндөр боловч нийт тохиолдлын хэмжээ маш бага буюу жилдээ 200 орчим хүн тусламж, үйлчилгээ авдаг. Мөнгөгүй болох юм бол ерөнхийдөө нас барах өндөр эрсдэлтэй байдаг өвөрмөц тусламж, үйлчилгээ юм. Жилийн дүнгээр авч үзвэл ойролцоогоор таван тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Удахгүй эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээлж, 2022 оны 01-р тогтоол хэрэгжиж эхлэх юм. Мөн энэ үйлчилгээ улсаас ЭМД-ыг нь төлдөг хүмүүст хамаарна.

-ЭМД-ын хуулийн шинэчлэл хийснээр улсын, хувийн ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор ЭМДС-аас санхүүжилт авах боломж бүрэн нээгдсэн. Улсын эмнэлгийн хувьд энэ санхүүжилт ижил үү, ялгаатай юу?

-2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр УИХ-аас Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж урьд нь улсын төсвөөс зөвхөн улсын эмнэлгүүдэд олгодог байсан санхүүжилтийг Даатгуулагчдын шимтгэлээс бүрддэг Эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд санхүүжилтээ аваад явдаг тогтолцоо руу 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс бүрэн шилжсэн. Үүнд: 1.Улсын төсвөөс шууд зардлыг нь “цалин, эм, хоол” гэх мэт ангиллаар санхүүжүүлдэг байсныг тусламж, үйлчилгээний өртөг зардлыг тогтоож, “гарцад” суурилсан худалдан авалтын тогтолцоонд бүрэн шилжүүлсэн. Одоогоор ЭМДҮЗ-ийн 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03-р тогтоолоор хэрэгжүүлж байна.

2.Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг ЭМДҮЗ-ийн 2021 оны  дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор хэрэгжүүлж байна.

3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд хуулийн өөрчлөлт хийгдэж анх удаа “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт хийх эрх зүй, хяналтын шалгуур, аргачлалыг бий болгосон”. Үүнийг бид 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ЭМДҮЗ-ийн хуралдаанаар 05-р тогтоол болгож хэрэгжүүлж байна.

4.ЭМДЕГ даатгуулагчдад үзүүлэх  тусламж, үйлчилгээний чанар, нэхэмжлэлийг хянах үүднээс цахим системийг бүх эрүүл мэндийн байгууллагуудтай “бодит цагийн горимоор холбох” зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлуудтай холбоотойгоор ЭМДЕГ-ын дотоод үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах, цахим систем бий болгох, арга аргачлал, дүрэм журам боловсруулах, сургалтууд явуулах зэргээр ажилласан.

Товчоор хэлэхэд, өмнө нь ЭМД-ын сангаас улсын эмнэлгийг санхүүжүүлэх тариф хувийн эмнэлгийнхээс илүү байсныг ижил тарифтай болгосон л гэсэн үг.

-2021 онд Эрүүл мэндийн даатгалын сан хэчнээн төгрөгийн  санхүүжилтийг  гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгож ажилласан бэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19-ийн халдвар тархаж, үүнийг даван туулахын тулд улс орон даяар, тэр дундаа Эрүүл мэндийн салбар маш их ачаалалтай ажилласан. Үүнд халдвар авсан иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн санхүүжилт, тусламж, үйлчилгээний чанар, үр дүнд ЭМДЕГ чиг үүргийн дагуу хяналт тавьж ажилласан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд гэрээт 2601 эрүүл мэндийн байгууллагад нийт 1,232.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

-Эрүүл мэндийн даатгалын салбар алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ? Ирээдүйн хөгжлийн зорилт нь юунд чиглэж байгаа бол?

-Эрүүл мэндийн даатгалын  алсын хараа, гол зорилго  бол Монгол Улсын иргэн эх орондоо эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг ямар нэг чирэгдэлгүй авах, зайлшгүй шаардлагаар тусламж үйлчилгээ аваад  халааснаасаа их мөнгө төлж санхүүгийн бэрхшээлд ордоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Үүнийг ДЭМБ Эрүүл мэндийн бүх нийтийн хамралт гэж нэрлэсэн бөгөөд дэлхийн бүхий л улс орнууд 2030 он гэхэд эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх зорилт тавин ажиллаж байгаа.

Бүх нийтийн хамралтад хүрэхэд анхаарах хэдэн хэдэн асуудлыг ДЭМБ-аас зөвлөдөг:

1.Тусламж үйлчилгээндээ урьдчилсан төлбөрийн аргыг ашиглах. Даатгалын шимтгэл нь урьдчилсан төлбөр болж байна гэсэн үг. Даатгалын багахан шимтгэлийг тогтмол төлөөд хүнд өвдөөд их зардал гарлаа гэхэд даатгал энэ санхүүгийн эрсдэлийг хуваалцана гэсэн үг.  Тусламж, үйлчилгээ авахдаа шууд халааснаасаа гаргаад төлөхийг олон улсад огт дэмждэггүй, учир нь үүнээс болж иргэн даатгуулагч санхүүгийн эрсдэлд орох эрсдэл нэмэгддэг. Иймд бүх хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь чухал.

2. Эрүүл мэндийн салбарт байгаа нөөцөө үр ашигтай, ухаантай зарцуулахыг зөвлөдөг. Манай улсын хувьд бол энэ нь даатгалын сан болон улсын төсвийн эрүүл мэндийн зардлыг үр ашигтай зарцуулна гэсэн үг.

Ямар ч улс оронд  санхүүгийн хомсдол асуудал болж байдаг. Тиймээс байгаа мөнгөө хэрэгтэй тусламж үйлчилгээндээ хэрэгтэй хүнд нь ухаантай зарцуулах нь хамгийн чухал.

Үүнийг л стратегийн худалдан авалт хийх гэж нэрлэдэг. Энэ чадавхаа сайжруулахыг улс орон бүр зорин ажиллаж байна. Манай улс үүнтэй нэгэн адил стратегийн худалдан авалт хийх институцийн чадавхыг бүрдүүлэх ажлыг 2021 оноос эхлүүлж, ЭМДЕГ нь эрүүл  мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч гол байгууллага болсон. Цаашдаа ЭМДЕГ-ын стратегийн худалдан авалт хийх үйл ажиллагааг сайжруулж бэхжүүлж чадвал бид дээр хэлсэн эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх боломж бүрдэнэ. Тиймээс манай байгууллагын гол зорилго  сайн стратегийн худалдан авагч байгууллага болох явдал юм.

-Та цэл залуугаасаа эрүүл мэндийн салбарт хөл тавьж, энэ чиглэлээрээ суралцан ажиллаж, нийгмийн шинэчлэлийн үйл явцад гар бие оролцож ирсэн. Үнэхээр амаргүй ажил. Төрийн алба гэдэг хэзээ ч нуруун дээрээс ачаа нь хөнгөрдөггүй буулга адил санагддаг юм. Таны хувьд төрийн алба, тэр дундаа эрүүл мэндийн салбарт ажиллахын хамгийн сайхан бахархам тал нь юу вэ?

-Хүний эрүүл мэндийн төлөө,   ажлын төлөөх сайхан хамт олонтой ажиллана гэдэг өөрөө их сайхан л даа. Ер нь би ажилласан цаг хугацаагаа эргээд бодоход ихэнхэд нь л нэлээд галтай, цаг хугацаатай уралдан, давчуу ажиллаж ирсэн юм уу даа. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагад 20 шахам жил, эрүүл мэндийн дэд сайдаар дөрвөн жил гээд, ажлын чиг үүрэг маань эрүүл мэндийн салбараас огт хөндийрөөгүй явж дээ. Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гар бие оролцож явах хувь тавиландаа баярладаг.

Төрд ажиллах хугацаандаа олон сайхан чадварлаг, ажлын төлөө, хүний төлөө гэсэн сэтгэлтэй удирдлага, хамт олонтой ажиллаж ирсэн, ажиллаж байгаа минь л хамгийн бахархууштай тал юм даа.

-Манай сэтгүүлээр дамжуулан салбарынхандаа болон танай үйлчилгээг авдаг даатгуулагч нартаа хандаж юу хэлэх вэ? 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь заалт: Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна. Тавдугаар зүйлийн 5.1 дэх заалт: Эрүүл мэндийн албан журмын даатгал /цаашид “эрүүл мэндийн даатгал” гэх/ нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана.

Дээрх хоёр заалтын хүрээнд миний хэлэхийг хүссэн зүйлс багтаж байна л даа. Учир нь манай зарим иргэд би ЭМД төлөөд л байдаг, үр шимийг нь хүртсэнгүй, буцааж авмаар байна гэдэг. Гэтэл бидний энэ төлж байгаа бага хэмжээний төлбөр маань ирээдүйд өвчний улмаас учирч болох санхүүгийн эрсдэлээс л сэргийлээд байгаа юм. Өнөөдөр миний, таны хэрэглээгүй энэ мөнгө өнөөдөр өвчтэй байгаа хэн нэгэнд хэрэг болж байна. Магадгүй, хэзээ нэгэн цагт та бид хүнд өвчинд нэрвэгдэх үед бас л даатгалаа төлдөг хэн нэгний ирээдүйд хэрэглэх мөнгөнөөс нь хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЭВ САНААНЫ ЗАРЧМЫН гол агуулга энэ юм шүү. Эрүүл нь өвчтэйнхөө, залуу нь настныхаа (аав ээж, эмээ өвөө), өндөр орлоготой нь бага орлоготойнхоо өвчний улмаас учрах санхүүгийн эрсдэлийг хуваалцах сайн үйл учир эрүүл мэндийн албан журмын даатгалдаа заавал хамрагдаж байгаасай л гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна даа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Зиндаа сэтгүүл