Хайх

Санал болгох түлхүүр үг:

Д.Баярсайхан: ЭМД-ын үндсэн зорилго эмнэлэг санхүүжүүлэх биш харин даатгуулагч-иргэндээ шаардлагатай үедээ авсан тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оршино

post-title

Эх орондоо болон гадаадад олон жил ажилласан туршлагатай хүн ЭМДЕГ-т зөвлөхөөр ажиллах болсонд бид баяртай байна. Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байгаа вэ?

Баярлалаа. Миний хувьд энэ саналыг эерэгээр хүлээж авсан. Таньдаг зарим хүмүүс санал, бодлоо хуваалцаж байна. Үүний цаана хүлээлт үүсч байна гэж харж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг анх боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байсан тул даатгалын асуудал өнөөг хүртэл миний анхаарлын төвд байж санал, бодлоо илэрхийлж байлаа. Энэ талаар өнгөрсөн онд шинэчилж гаргасан ЭМД-ын түүх мөн НҮБ-д ажилласан 25 жил номнуудад бий. Зөвлөхийн ажлын хувьд нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын үндсэн концепци, бодлого, зарчим, ач холбогдол, олон нийттэй харьцах үйл ажиллагаа, даатгалын талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлье гэж тохирсон. Энэ дагуу 3 сарын хугацаанд өөрийн цаг заваар сайн дурын үндсэн дээр ажиллана. Тодруулбал, одоо боловсруулж байгаа хуулийн төсөлд саналаа илэрхийлэх, маргаантай асуудлаар тайлбар хийх боломж гарах байх. Олон нийттэй харилцах асуудлын хувьд даатгалтай иргэд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, цаашлаад даатгалд оролцогч бүх талуудад эрүүл мэндийн даатгал, одоо хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн арга хэмжээг таниулах ажлын зураглал гаргаж хэрэгжүүлэхэд тусална. Чадамжийг нэмэгдүүлэх ажил бүхэлдээ даатгалд ажиллаж байгаа бүх хүмүүс, мөн салбарын эмч, ажилтнуудад эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, даатгалын талаар мэдлэг нэмсэн сургалтын материал, гарын авлага бэлдэж эхний ээлжийн сургалт хийхэд чиглэгдэнэ.

Баярлалаа. Та хүлээлт үүсч байна гэж дурдлаа. Өнөөдөр эмч нарын цалин, улсын, хувийн эмнэлгийн санхүүжилт, даатгалтай иргэдээс хийж байгаа нэмэлт төлбөр, эмийн үнэ, давхардсан үзлэг, оношлогоо гээд яаралтай шийдмээр олон тулгамдсан асуудал байна. Үүнийг та яаж харж байна. Таны хийх ажил үүнд хэр нөлөө үзүүлэх вэ?

Тиймээ, эдгээр нь үнэхээр шийдэл шаардсан тулгамдсан асуудлууд. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох учиртай. Аливаа хүндрэлийн цаана нь шалтгаан байдаг. Үүнийг олж харахгүй, асуудал үүсэнгүүт зөвхөн түүнийг шийдэх гэж гал унтраах байдлаар юмс, үзэгдэлд хандахаас аль болох зайлсхийх хэрэгтэй байдаг. Өнөөдрийн хүндрэлүүд сүүлийн 10-20 жилийн үйл ажиллагааны үр дүн. Товчдоо өнөөдөр бид эрүүл мэндийг өвчин, эмгэгээр төсөөлж, эрүүл мэндийн салбарыг эмнэлгээр ойлгож, эрүүл мэндийн санхүүжилтийг зөвхөн даатгалтай холбож ярьдаг болоод байна. Ийм учраас өвчнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт илүү ач холбогдол өгч энэ хэрээр зардал, санхүүжилт хэрхэн өсч, тэлэгдэж ирсийг харж болно. Даатгалд эрүүл мэндийн нийт санхүүжилтийн 20 гаруй хувь ногдож байхад ч цаадах 80 хувийг биш даатгалыг ярьсаар ирлээ. Мөн санхүүжилтийг зөвхөн мөнгө гэж хараад эмнэлгийг санхүүжүүлэх тухай л ярьж байна. Үүний улмаас хүнийг өвчлүүлэхгүй, эрүүл байлгах чухал ач холбогдолтой нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ орхигдож нийт санхүүжилтийн ердөө 5 хувь нь нийгмийн эрүүл мэндэд ногдож байхад түүний ач холбогдол нийтэд ойлгогдож гарах үр дүн нь хүссэн хэмжээнд хүрэхэд түвэгтэй. Ингэж өвчинд хэт анхаарснаар эрүүл мэндийн зардал улс, хувийн эмнэлэг, эмийн сангаар дамжаад хяналтгүй өсч сүүлдээ орлого нь зардлаа дийлэхээ болиод өвчтөний карма руу орж эхэлснээр хувийн төлбөр эрүүл мэндийн нийт санхүүжилтийн 40 хувь давчихлаа. Иргэд өвчний эмчилгээний төлбөрөөс болж ядуурах, өвчнөө улам хүндүүлж амь насандаа аюул учруулах боллоо. Яагаад ийм байдалд оров, шалтгаан нь юу вэ гэдэг өнөөдрийн гол асуудал. Өөрөөр хэлбэл, дээрх асуудлуудыг эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд оношилж гаргах, ярьж ойлгуулах, засч залруулах, дахиж ийм байдалд орох боломжийг хаах зайлшүгй шаардлага үүсээд байна.

Өнөөгийн хүндрэлүүдийн зарим шалтгаанаас дурдаж болох уу?

Өнөөгийн хүндрэлүүд өмнөх жилүүдийн үйл ажиллагааны үр дүн гэж би өмнө хэлсэн. Зардал хяналтгүй өсч байхад хажуугаар нь орлого буурч ирлээ. Жишээ нь даатгалын анх 6 хувийн шмигтэлээр үйл ажиллагаа явуулж байсныг 4 хувь болгож үндэслэлгүйгээр орлогоо бууруулсан, сангийн мөнгийг хувийн банкинд байршуулж олон тэрбум төгрөг алдлаа. Дээр нь үндэслэл, тооцоо муутай, санхүүгийн эх үүсвэргүй хөтөлбөр, арга хэмжээ, түүнчлэн даатгалтай иргэнд хамаарахгүй үйлчилгээг даатгалаар санхүүжүүлэхээр гаргасан шийдвэрүүд бүгд орлогод нөлөөлсөн. Эдгээрийн гол шалтгааныг засаглалтай холбож болно. Засаглал суларснаас орлого, зардлын тэнцвэр алдагдаж, зардал хянах, зардлын үр дүн, үр нөлөөг тооцох, судалгаа нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагаа алдагдаж үүний улмаас санхүүгийн бие даасан байдлаа алдаж энэ хэрээр төсвөөс хамааралтай, үүрэг, даалгавар биелүүлдэг идэвхигүй субьект болох эрсдэл үүсээд байна. Үүнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа ч орно. Зөвлөл бол даатгалд оролцогч бүх талуудын эрх ашгийг илэрхийлж даатгалын үндсэн концепц, зарчмыг хамгаалсан бодлого, үйл ажиллагаа явуулдаг, хүндрэл, бэрхшээлийг хамтадаа ил тод ярьж шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлж энэ хэрээр ажлаа үнэлүүлж дүгнүүлдэг даатгалын үндсэн бүтцэд ордог удирдлага, засаглалын нэгж учраас даатгалын олот амжилт, алдаа оноо бүхэн Зөвлөлтэй шууд хамаатай.     

Тэгэхээр даатгалын тухай зөрүүтэй ойлголтууд байна гэж үзэж болох уу?

Би тэгж харж байна. Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, даатгалын талаарх ойлголт сул байна. Тухайлбал, даатгалын шимтгэл төлсөн иргэн өөрөө эмнэлэг, эмч, эмчилгээг чөлөөтэй сонгох нь зах зээлийн зарчим, төлсөн хураамжаа ашиглаагүй бол тодорхой хэсгээ буцааж авах нь шудрага явдал, түүнчлэн даатгалд хамрагдахгүй байх, эсвэл шаардлага гарахаар шимтгэлийг нөхөж төлөөд даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой байх нь хүний эрх гэж ташаа ойлгох явдал байна. Мөн даатгал, санхүүжилтийг иргэд, эмч нар өөр өөрийн төсөөллөөр яриад хүн амын дунд буруу зөрүү, ойлголт үүсгэж байна. Энэ хэрээр иргэдийн итгэл суларч болно. Иргэд нь дэмждэггүй, оролцдоггүй аливаа ажил үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиалаар явж байгаа мэдээнд шүүлтүүртэй хандах хэрэгтэй байна. Зарим иргэд, эмч нар даатгал дампуурсан, мөнгөгүй болсон, эмнэлэг санхүүжилтээ авч чадахгүй байна, иргэд шимтгэл төлөөд дээр нь хувиасаа төлбөр хийдэг боллоо, ард түмэн маш их хохирч байна, даатгалтай байх шаардлагаүй боллоо гэх мэтээр ярих юм. Яг үнэндээ тухайн иргэн, эмч эмнэлэг, даатгалын байгууллага хоорондын гэрээ, санхүүжилт, төлбөр тооцоонд оролцдог хүн мөн үү, эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, даатгал ярих түвшний мэдлэг, мэргэжил, боловсролтой хүн үү, мөн ард түмэн, даатгалтай иргэд гэж төлөөлж ярих үндэсний зөвлөлийн гишүүний хэмжээний эрх, үүрэгтэй хүмүүс үү гээд харвал өөр дүгнэлтэнд хүрч болно. Ийм яриаг сонсохоор нэг талаас даатгалын санхүүжилт эмнэлэгт хүрэхгүй байгааг буруутган шүүмжилж байгаа ч нөгөө талаас иргэд шимтгэл төлөх хэрэггүйг уриалж байгаа нь шимтгэлээр бүрддэг сангаа унагааж эмнэлгийн санхүүжилтийг улам хүндрүүлэх, иргэд хувиараа төлбөрөө хийгээд санхүүгийн эрсдлээ үүрэх, ядуурах утгатай  бодлогын хувьд ихээхэн зөрчилтэй байдаг. Энд нэг зүйлийг онцлоход эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, даатгал гэдэг бол хүүхдийн, дотрын, мэдрэлийн, зүрх судасны эмч гэдэг шиг тусдаа  мэргэжил. Хүн тодорхой цаг хугацаа зарцуулж хүчин чармайлт гарган сурч, боловсорч, уншиж, заалгаж, ажиллаж, ойлгож байж тогтолцоо, санхүүжилт, даатгал мэдэж ярих хэмжээнд мэдлэгтэй, туршлагатай болдог.

Төсгөлд нь Та салбарынхандаа, ер нь нийт иргэдэд хандаж юу хэлмээр байна?

Өвчнийг биш эхлээд хүнийг бүхэлд нь ойлгож байж эмчилгээ үр дүнтэй болдог гэсэн үг байдаг. Үүнтэй эрүүл мэндийн тогтолцооны гадна эрүүл мэндийн ямарч асуудлыг авч үзэж шийдэх боломжгүй юм. Сүүлийн үед салбарын үйл ажиллагааг дотор нь задалж хуульчлах замаар тулгамдсан асуудлаа шийдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нөхцөлд тухайн хуулиуд эрүүл мэндийн тогтолцооны бусад хэсгүүдтэй зайлшгүй уялдах шаардлагатай. Жишээ нь санхүүжилтийг хуулинд тусгах бол тухайн тусламж, үйлчилгээний санхүүжилт ямар эх үүсвэртэй байх зарчмыг заахаас бус яаж, ямар төлбөрийн аргаар санхүүжилт хийхийг хуульчилж болохгүй. Үүнийг санхүүжилт хариуцсан байгууллага нь эрүүл мэндийн бодлого, зорилгод нийцүүлж тухайн төлбөрийн арга дор үүсэх эдийн засгийн сонирхол, үр дүн, хөшүүргийг тооцоод сонгож хэрэглэх бодлогын хэрэгсэл гэж харах учиртай. Цаашлаад нийгмийн эрүүл мэндийн даатгал бол иргэдээс хуулиар авч төлвөрүүлсэн мөнгийг буцаагаад иргэдэд хэрэгтэй үед нь тусламж, үйлчилгээ болгон хувиргаж өгдөг онцлогтой үйлчилгээ. Ямар тусламж, үйлчилгээг үзүүлэх нь шимтгэл, татаасаар төвлөрсөн сангийн хэмжээнээс хамаарах тул санхүүжүүлэгч байгууллага нь орлого, зардлаа тооцож багцаа тодорхойлдог. Багцад орсон ямар үйлчилгээг ямар шатлалд ямар байгууллагаар даатгалтай иргэндээ үзүүлэх, зардлын үр дүнг нь харгалзан ямар үйлчилгээнд илүү ач холбогдол өгч санхүүжүүлэх, зардлыг үр дүнг ямар төлбөрийн аргаар нэмэгдүүлэх гэдэг санхүүжүүлэгч байгууллагад хамаатай бодлогын асуудал. Үүнийг бид хаа хаанаа зөв ойлгох шаардлагатай байна. Давтаж хэлэхэд даатгалын үндсэн зорилго эмнэлэг санхүүжүүлэх биш харин даатгалтай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх явдал юм. Ямар үйлчилгээг ямар эмнэлэг илүү сайн, үр дүнтэй үзүүлж байна, тэр сонгосон эмнэлэгт санхүүжилт очно. Тэгэхээр бүх эмнэлгийг даатгал санхүүжүүлэх үүрэггүй, мөн улсын, хувийн гэдэг нь гол биш даатгалтай иргэнд үзүүлэх багцад орсон тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, эмч, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, зардлын үр өгөөж, тэдгээрийг бодитой хянаж үнэлэх механизм энд яригдаж байх уяиртай. Мэргэжлийн ийм ойлголтуудыг олон нийтэд хүргэхэд дээр дурдсан гарын авлага хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Эцэст нь тэмдэглэхэд манай улсад 2022 оноос хойш хийж байгаа нэг худалдан авагчийн санхүүжилт, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан стратегийн худалдан авалт бол дээр дурдсан олон асуудлыг шийдэхэд чиглэгдэж байгаа. Орлогоо нэмж, зардлаа хянаж, үргүй зардлыг хумьж байж эрүүл мэндийн санхүүжилт тогтвортой болно. Эрүүл мэндийн санхүүжилтээр дамжуулэж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлснээр иргэд маань эрүүл байж, шаардлагатай үедээ чанартай тусламжийг санхүүгийн дарамтгүй авах нөхцөл бүрдэнэ. Эмч нарын цалин амьдрал ахуйд хүрдэг болно. Мэдээлэл цахимжиж, эмийн үнэ, чанарыг хянах боломж гарна. Ийм үр дүнд хүрэх гол нөхцөл нь бид хяналтгүй өсч, байнга тэлэгдэж байгаа зардлыг араас нь хөөж санхүүжилдэг биш харин хүн амаа эрүүл байлгах эрүүл мэндийн бодлого санхүүжүүлдэг тогтолцоо руу шилжих алхамуудыг хийж байгаад оршино.

 

Ярилцсан: Т.Амаржаргал ЭМДЕГ-ын ОНХХ-ийн дарга