Хайх

Санал болгох түлхүүр үг:

Ц.Батбаатар: ЭМД-ын санхүүжилтийг сар бүр ил тод зарлаж, иргэний хяналтын платформыг бэлэн болгосон

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатарыг “Mongoliapress” агентлаг “Монтажгүй яриа” буландаа урилаа. Тэрбээр даатгалын санг  удирдсанаас хойш хэвлэлд анх удаа ярилаа.

-Таныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдоход “мэргэжлийн бус” гэж шүүмжлэх хүмүүс байсан. Хуулийн салбарт ажиллахдаа эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлд хэр ойр байв?

-Эрүүл мэндийн даатгалын байгууллага бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгийн байгууллага биш тул заавал эмч хүн удирдах ёстой гэсэн уламжлалт ойлголтоос илүүтэйгээр албан журмын эрүүл мэндийн даатгалын харилцаа нь хууль, тогтоомжоор зохицуулагддаг,  сангийн менежмент, санхүүгийн бодлогоор удирдах ёстой нийгмийн эрүүл мэндийн даатгалын сан гэдэг талаас нь харах нь зүйтэй болов уу.  

Миний хувьд улсын төсөв, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 онд оруулсан томоохон өөрчлөлтөөр улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын санг нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэхэд бодлогын түвшинд оролцож тухайн асуудлыг Улсын их Хурлаар хэлэлцэн батлахад мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байсан.  

Энэхүү шинэчлэлийн үр дүнд иргэдийн санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэ харилцааг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн боловч Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн сахилга бат, хяналтын арга хэмжээг төдийлөн бэхжүүлж чадаагүй нь өнөөдөр бидний өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийн нэг болж байна. Иймээс бид дараагийн шатны шинэчлэлд илүү төвлөрч, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг хязгаарлаж хянах чиглэлд ажиллах шаардлагатай байна.

-124 эрүүл мэндийн байгууллагын 16.150 тохиолдлын нэхэмжлэлийг код ахиулсан, хуурамч нэхэмжлэл илгээсэн, завших оролдлого хийсэн гэж зөрчлийн санд бүртгэгдсэн-

-Та даатгалын санг хамгийн хүнд, хэцүү, “галтай” үед нь удирдаж таарлаа. Тамгаа гардаж авснаас хойших гурван сарын хугацаанд ямар ажлуудыг цэгцэлж, хэр хэмжээний өөрчлөлт хийв?

-Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоог аваад үзвэл 10, 10 жилийн давтажтайгаар, циклээр томоохон өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдсэн байдаг. Дараагийн шатны өөрчлөлтийг хийх маш чухал үед энэ байгууллагыг удирдах хариуцлагатай үүрэг надад оногдсон гэж боддог.

Намайг ажлаа хүлээн авах үед Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл бодитоор алдагдсан, 2025 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 520 орчим тэрбум төгрөгийн өр, төлбөртэй гарахаар байсан. Мөн сангийн чөлөөт үлдэгдэл оны эхэнд 400 орчим тэрбум төгрөг байсан бол 100 хүрэхгүй тэрбум төгрөг болж буурсан, санхүүжилт саатаж болзошгүй нөхцөлд байсан. Иймээс эхний ээлжид Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн санхүүжилтийн бодлогоо илүү оновчтой болгох, төсвийн сахилга батыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2025 оны жилийн эцэст эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөрийг 198.2 тэрбум төгрөг хүртэл бууруулж, сангийн чөлөөт үлдэгдлийг 255.2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, сангийн мөнгөн урсгал 57.0 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Ингэснээр бид 2026 оны 1 дүгээр сараас эхлэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн өсөлтийг саадгүй санхүүжүүлэх боломжийг бүрдүүлж Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

Түүнчлэн эмнэлгүүдээс эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдэд 2022 оноос хойш хуримтлагдсан 300 орчим тэрбум төгрөгийн өртэй холбоотойгоор эм, тариа тасалдах, улмаар иргэнээр эм, тариа авахуулах зэрэг сөрөг үр дагаврууд гарах эрсдэлтэй байсан тул эхний ээлжид эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд олгох давсан гүйцэтгэлийн 70 орчим хувийг 2026 оны эхний 2 сард барагдуулсан.  

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага тал талдаа хүлээлт үүсгэсэн байсан тул хууль тогтоомжийн шинэчлэлд түлхүү анхаарч ажилласан. Тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгодог нэг иргэнээр тооцсон тариф, эмийн үнийн хөнгөлөлтийн хэмжээ, мөн оношийн хамааралтай бүлгийн суурь тариф, өртгийн жинд өөрчлөлт оруулаагүй байсан нь инфляц, валютын ханшийн өөрчлөлт, төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын зардалд нөлөөлж, салбарын хэмжээнд тодорхой хүлээлт үүсгэсэн байсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан даатгалын гэрээ 2025 оны 9 дүгээр сард дуусгавар болсон боловч нэгдсэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй байсан.

Иймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн холбогдох тогтоол, шийдвэрийн өөрчлөлтийг богино хугацаанд эцэслэн боловсруулж, үе шаттайгаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулах ажлыг үе шаттайгаар эхлүүлээд явж байна.

-Эрүүл мэндийн даатгалаас аудитын шалгалтаар нэлээн ноцтой зөрчил илэрсэн. Нэг иргэн 118 сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан, нэг иргэн 346 удаа амбулаторт үзүүлсэн зэрэг ноцтой мэдээллийг ЗГХЭГ-аас өгч, нийгмээрээ шуурлаа. Энэ асуудал юу болов?

-Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллагаас манай байгууллагын үйл ажиллагаанд удаа дараа хяналт, шалгалт оруулж, холбогдох санал дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага өгсөн байдаг.

Үүний дагуу ажилд томилогдсоныхоо дараа “Хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөрчлийг таслан зогсоох, эрсдэлийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гаргаж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт,шалгалтыг өргөжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн 2022-2025 онд нарийвчилсан хяналтаар 124 эрүүл мэндийн байгууллагын 16.150 тохиолдлын нэхэмжлэлийг код ахиулсан, хуурамч нэхэмжлэл илгээсэн, завших оролдлого хийсэн гэж манай байгууллагын зөрчлийн санд бүртгэгдсэн байдаг. Эдгээр зөрчлийн мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хамтран ажиллаж байна.

Амбулаторын тусламж, үйлчилгээ бол нарийвчилсан хяналтаар хянагдахгүй зөвхөн цахимын хяналтаар хянагддаг. Цахимын хяналт нь зөвхөн регистрийн дугаар, овог, нэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүрэн төлөгдсөн эсэх, бүрдэл нь бүрэн эсэх, онош нь зөв эсэх ч гэдэг ч юм уу хэт ерөнхий шалгуур үзүүлэлттэй байдагтай холбоотойгоор тухайн эмнэлгийн албан хаагч нэг иргэнд олон давтан үйлчилгээ үзүүлэх эсхүл нэг иргэн олон удаа үйлчилгээ авах зэрэг эргэлзээтэй тохиолдлууд бүртгэгдэж байна. Тиймээс бид цахимын хяналтын шалгуур үзүүлэлтэд нарийвчилсан индикаторуудыг бий болгох, тодорхой хязгаарлалт тавих гээд бусад улсын сайн туршлагыг судлаж байна.  

-ЭМДЕГ эмнэлгүүдтэй үнийн дүн, тоо хэмжээ заахгүйгээр гэрээ хийж байна. 2.1 сая нэхэмжлэхийн гурван хувьд нь л хяналт тавьж байна гэсэн. Тэгэхээр маш бага хувийг нь хянадаг гэсэн үг үү?

Манай байгууллагад жилд дунджаар 26.0 сая тохиолдлын нэхэмжлэлийг эмийн сангуудаас болон эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс ирүүлдэг. Эдгээр бүх нэхэмжлэлийг цахимын хяналтаар хянаж, шаардлагатай зарим нэхэмжлэлийг нарийвчилсан хяналтаар давхар хянаж санхүүжилтийг олгодог.

Эмнэлгүүдээс ирүүлж байгаа нэхэмжлэлийн өвчний түүх, бүртгэлийн маягтууд нь цахимжаагүй, цаасан суурьтай учраас заавал эмнэл зүйн удирдамж, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нэг бүрчлэн хянахад мэдээж хүний нөөц хэрэгтэй, одоогийн манай хязгаарлагдмал хүний нөөцөөр бүгдийг нь хянах боломжгүй байгаа.

Тиймээс эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзсэн хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ болон өртөг өндөртэй мэс заслыг түүвэрлэж, нийт нэхэмжлэлийн 3 орчим хувийг буюу үнийн дүнгийн 22 орчим хувьтай тэнцэхүйц тохиолдлын нэхэмжлэлийг санамсаргүй түүврийн аргаар сонгон нарийвчилсан хяналтаар давхар хянадаг.

Цаашдаа Эрүүл мэндийн сайдын 2019 оны 611 дүгээр тушаалаар баталсан эрүүл мэндийн салбарын бүртгэлийн маягтуудыг бүрэн цахимжуулсан тохиолдолд хиймэл оюунд суурилсан цахимын хяналтаар хянах боломжтой болно.

-Өнгөрсөн хугацааны алдаа зөрчлүүд аль хяналтын үед илэрсэн гэсэн үг үү?

-Нарийвчилсан хяналтаар хянагдах үед эдгээр бүх зөрчил илэрч санхүүжилтийг олгоогүй гэсэн үг. Гэхдээ нарийвчилсан хяналтын шалгуур үзүүлэлтүүдэд ч асуудал байгаа тул үүнийг улам сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

-2023 оноос хойш сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт огт хийгдээгүй явж ирсэн-

-Ерөнхий дүр зургаар нь харвал Эрүүл мэндийн даатгалын санг тоносон гээд байгаа үйлдэл шат шатны албан тушаалтнуудын эрх ашиг байв уу, эсвэл тогтолцооны гажуудал, хүний нөөцийн дутагдалтай холбоотой байв уу?

-Мэдээж олон шалтгаан нөхцөл байгаа байх, хүний нөөцийн хувьд манай байгууллага дээр 2023 оноос хойш сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт огт хийгдээгүй. Үүний улмаас байгууллагын хэмжээнд 80 гаруй сул орон тоо үүссэн байна. Мөн байгууллагын бүтэц, чиг үүрэг давхардаж, газар дээрх хяналтын чиг үүрэг бүдгэрсэн. Тиймээс сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын өвчний түүх, маягтыг цахимжуулах ажил удаашралтай явж ирсэн байна. Эдгээр маягтыг шуурхай цахимжуулах, нэгдсэн түүврийг цахимжуулахгүй бол нэхэмжлэлийг хянах явцад талуудын ашиг, сонирхлын зөрчил үүсэх, алдаа, дутагдал гарах эрсдэл өндөр байна. Тиймээс байгууллагын хэмжээнд эрсдэлийн үнэлгээг нэгж бүр, албан тушаал бүрээр гаргаж, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналтын дашбоардыг хөгжүүлж нэвтрүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

-Эмнэлгүүдийн гэрээний давсан гүйцэтгэлээс болж даатгалын сан жил бүр алдагдал хүлээсээр байгааг яах вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн төсвийг хуулиар баталдаг. Жил бүр алдагдал үүсэж байгаа нь нэг талаасаа сангийн эх үүсвэрийг төрөлжүүлж нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна. Нөгөө талаасаа баталсан төсвөөс давсан гүйцэтгэлийн нэхэмжлэлийг эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр ирүүлж байгаа тул эмнэлгүүдтэй эрсдэлээ хуваалцах шаардлага байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, олон улсын жишгээр ямар ч оронд эрүүл мэндийн даатгалын сан, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, байгууллага аль аль нь эрүүл мэндийн бодлогыг хүрээнд санхүүгийн эрсдэл, хариуцлагаа адилхан хүлээж ажилладаг. Тиймээс бид оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад нийтлэг ашиглагддаг төлбөрийн аргаар буюу эмнэлэг тус бүрээр санхүүгийн тогтмол зардал болон санхүүгийн ашиг, алдагдал тэнцэх цэг буюу тодорхой дүнд хүрснээс хойш тарифыг бууруулж, ахиуц ашгийг бус зөвхөн хувьсах зардал, бодит зардлын санхүүжилтийг олгох зохицуулалтыг тусган ЭМДҮЗ-өөр 3 дугаар сардаа багтаан журмаа батлуулахаар ажиллаж байна. Харин иргэн талдаа цочмог, төлөвлөгөөт, архаг өвчлөлөөр ямар нэгэн квот, хязгааргүйгээр тусламж, үйлчилгээг авах, эерэг нөлөөтэй гэсэн үг юм.

Түүнчлэн, нийт тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн тоо нь анхан шатлалаас илүү лавлагаа шатлалд өндөр байгаа нь анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч өрх, сум, тогсгоны эрүүл мэндийн төв хаалга баригчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж болохоор байна. Уг нь бол анхан шатны тусламж, үйлчилгээ нь үр дүнтэй байх юм бол лавлагаа шатлалд очих ачаалал буурч, сангийн зардал хэмнэгдэх, салбарын үр ашиг ч нэмэгдэх ёстой.

Анхан шатны 554 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажилладаг бөгөөд сар бүр тухайн бүс нутагт амьдардаг иргэний тоогоор нь тооцсон нэг иргэний санхүүжилтийг олгодог боловч эдгээр өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь улсын дунджаар өөрийн харьяаллынхаа иргэдийн 65 хувьд нь хүрч үйлчилж байна. Тэгэхээр үлдсэн 40 орчим хувь нь огт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаггүй, эсхүл шууд анхан шатыг алгасаж аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн эмнэлгүүдээр үйлчлүүлж байна гэж үзэж болохоор байна.  

Тиймээс анхан шатны хаалга баригчийн тогтолцоог бэхжүүлэх үүднээс бүртгэлтэй хүн амынх нь статистик тоогоор санхүүжилт олгох биш, харин иргэндээ хүрч, хяналтдаа авч, бодитоор тусламж, үйлчилгээ үзүүлж, үр дүн гарсан байдлаар нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог болох зорилтыг дэвшүүлсэн.

Ингэхдээ нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн суурь тарифыг насны ангиллаас нь хамаарч 30-120 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн.

Мөн Монгол Улсын өвчлөлийн дарамтад халдварт бус өвчний эзлэх хувь 67 хувьтай байгаагаас зүрх судасны эмгэг, чихрийн шижин, амьсгалын тогтолцооны зарим өвчин, хоол боловсруулах замын эмгэг, бөөр, шээсний замын эмгэг, хорт хавдар дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээр өвчин нь тогтмол хяналтад байх шаардлагатай хэдий ч анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад архаг өвчтэй иргэдийн бодит бүртгэл байхгүй, хүнээ тогтмол хянаж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Архаг өвчтэй хүмүүсийн дийлэнх нь лавлагаа шатлалд тусламж, үйлчилгээ авч байгаа бөгөөд 2025 онд дээрх архаг өвчний 6 төрлөөр 240 мянган иргэн тусламж, үйлчилгээ авснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 211.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Лавлагаа шатлалын эмнэлэг бол архаг өвчний тогтмол хяналтыг хийх боломжгүй бөгөөд үр дүн муутай гэдэг нь дэлхий нийтэд нотлогдсон.

Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага эдгээр 6 төрлийн архаг өвчлөлтэй иргэдийг илрүүлж, оношилж, хяналтдаа авч, үр дүн гаргасан тохиолдолд архаг өвчтэй иргэдэд зориулсан санхүүжилтийн суурь тарифыг дахин 30 хувиар нэмэгдүүлж олгосноор лавлагаа шатлал руу явах урсгалыг бууруулах боломжтой гэж үзсэн.

2024 оны нас баралтын нас, хүйсийн бүтцийг аваад үзэхээр 18 мянга орчим иргэн нас барснаас 11 мянга орчим нь эрэгтэйчүүд байна. Үүний дийлэнх нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд байгаа бөгөөд ийнхүү нас баралт өндөр байгаа нь эдийн засагт хохиролтой тул эдгээр эрсдэлтэй насны бүлгийн эрэгтэйчүүдийн тарифыг нэмэгдүүлэх замаар тухайн бүлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний үр дүнгээр урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлсэн.  

-Гэтэл анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэдгийг иргэд хэлж, шүүмжилдэг. Өрхийн эмнэлгүүдийг чадавхжуулахгүйгээр өнөөгийн нөхцөлд иргэдийг шууд оч гэж шахах нь хэр зөв бэ?

-Иргэн лавлагаа шатлал руу алгасаж очиход нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь хүний нөөцийн хүрэлцээгүй байдал, хүний нөөцийн туршлагатай холбоотой гэж үзэж болно. Өрхийн эмчийн туршлагын тухайд нийт эмчийн 65 хувь нь ерөнхий мэргэжлийн эмч, 12 хувь нь уламжлалтын эмч, 7 орчим хувь нь хүүхдийн эмч, үлдсэн хэсэг нь сэргээн засах эмч нар байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн нэг эмч, сувилагчид дунджаар 1800-2000 орчим иргэн ноогдож байгаа бөгөөд хамгийн ихдээ 3928 иргэн ноогдож байна.

Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр байгаа нь ачаалалтай ажиллаж, хүндээ хүрч үйлчилж чадахгүй байх шалтгаан нь болж байна.

Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг ажиллуулсан тохиолдолд, мөн 1500 хүн ам тутамд нэг эмч, сувилагчийг ажиллуулсан тохиолдолд тарифыг дахин 30 хувиар нэмэгдүүлсэн урамшуулал олгох зохицуулалтыг журамд тусгасан байгаа.

-Эмч нарын цалингийн нэмэгдэл танайх дээр “ачаа” болж ирж байна. Угийн өр төлбөр их, зардал өндөртэй санд хүндрэл учруулж байна уу. Хэрхэн тооцож төлөвлөж байна вэ?

-Засгийн газар эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшууллыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийг батлахад 190 орчим тэрбум төгрөгийг тусгасан. Энэхүү цалингийн нэмэгдэлд бодитоор 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Тиймээс даатгалын багцад зохицуулалт хийж шаардлагагүй тусламж, үйлчилгээний багцыг хасах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулах, нэгдсэн сонгон шалгаруулалтыг илүү ухаалаг, оновчтой байдлаар бүс нутгийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн сум, тосгоны эрүүл мэндийн төв бол байршлын хувьд алслагдсан байдаг тул суурь зардал гэж гаргаж ирж байгаа, иймээс хүний нөөцийн зардал, газарзүйн коэффициентыг тооцож байгаа. Тэгэхдээ эмнэлгийн бүтэц, стандарт, менежментийг оновчтой болгох, хамтын төлбөрийг тодорхой дүнгээр нэмэгдүүлэхгүйгээр эрүүл мэндийн даатгалын сан дангаараа энэ бүх зардлыг хариуцахад хүндрэлтэй. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүйгээр ЭМД, эмнэлэг, иргэд гэсэн 3 түвшинд эрсдэлийг хуваалцах хамтын бодлогын шийдлийг зайлшгүй хийх шаардлагатай юм.

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт яг оновчтой бодлого мөн үү. Ямар үр дүн гарав?

-2021 оноос хойш хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 5 зорилтыг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, өмнө нь иргэн ЭМДС-аас өмнө нь иргэн жилдээ 2 сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээ авдаг хязгаартай байсан, үүнээс илүү гарсан төлбөрийг тухайн иргэн өөрөө төлдөг байсан бол 2025 онд хамгийн дээд тал нь нэг иргэн 201.8 сая төгрөгийн санхүүгийн хамгаалалт ЭМД-аар авсан байна. Өөрөөр хэлбэл, хүнд өвчтэй иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж, төлөх байсан зардлыг нь даатгалаас бүрэн хариуцаж санхүүгийн хамгаалалтыг үзүүлдэг болсон байна.

Өмнө нь хорт хавдрын тусламж, үйлчилгээ болон яаралтай тусламжийн хувьд хэт их төвлөрсөн байдалтай байсан бол 2025 оны байдлаар хорт хавдрын хими, бай эмчилгээ хийдэг эмнэлгийн тоо 37 болж бараг 2 дахин нэмэгдсэн. Харин мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийн тоо 5 байсан бол 41 болж 7 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн, өндөр өртөгтэй мэс заслуудыг монгол эмч нар дэлхийн түвшинд хийдэг болж, шинэ технологийг нутагшуулж, хүний нөөцөө ч бэлтгэж чадсан байна. Эндээс харахад гүйцэтгэлийн санхүүжилт буюу үр дүнг тооцдог санхүүжилтийн арга үр дүнгээ өгөөд явж байна гэж үзэж болохоор байна.

Дэлхий нийтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийн хэрээр зардал өсөж байгаа. Эрүүл мэндийн бүх тусламж, үйлчилгээ, эмнэлгийн зардлыг хязгааргүй байдлаар зөвхөн ЭМД-аар дангаар санхүүжүүлэх боломжгүй. Бүх эмчилгээний зардлыг хариуцаад явах юм бол дийлэхгүй. Энэ нөхцөлд даатгалын сангийн тэнцлийг зөв зохистой түвшинд барих, зардлын хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай болж байна.

-Даатгалын сангаас хамгийн өндөр санхүүжилт авч байгаа 10 эмнэлгийг нэрлэвэл хэд нь төрийнх, хувийнх байдаг вэ. Эдгээр эмнэлгээ бүрэн хянаж чаддаг уу?

-Лавлагаа шатлалын төрийн өмчийн 85 эмнэлэг, хувийн хэвшлийн 236 эмнэлэгтэй гэрээтэй ажиллаж байсан бол 2025 оны 10 дугаар сараас эхлэн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 101 эмнэлэгтэй гэрээ байгуулан гүйцэтгэлийн үр дүнгээр сар бүр санхүүжилт олгож байна.

Мэдээж тухайн эмнэлэг нь хэдэн төрлийн оношийн бүлгээр гэрээтэй, ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээс хамаараад санхүүжилтийн хэмжээ эмнэлэг бүр дээр харилцан адилгүй байдаг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 90 орчим хувийг улсын эмнэлэг үзүүлж байгаа тул улсын эмнэлгүүдийн авч байгаа санхүүжилт хамгийн өндөр байдаг.

-Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ иргэнийг хурууны хээгээр танин баталгаажуулна-

-Эмнэлгүүд даатгалаас төлбөрийг нь авсан хэрнээ иргэнээс давхар гаргуулаад байгаа зөрчил илэрсэн байсан. Үүнийг яаж хянах вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болгох, дотоод хяналтын  үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хяналтын платформыг бий болгож нийтэд ил тод танилцуулахад бэлэн болоод байна. Энэ бол 1818.mn гэсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нээлттэй цахим хуудас юм.

Тухайлбал, өмнө нь иргэн ямар тусламж, үйлчилгээг ЭМД-аар авсан гэж бүртгэгдсэн, ямар дүнгээр хөнгөлөлт авсан гэдгийг бид нарийвчлан хянах боломжгүй байсан.

Тиймээс бид энэ оны 01 дүгээр сараас эхлэн E-Mongolia аппликейшнээр дамжуулан сар бүрийн 05-ны өдөр өмнөх сард даатгалтай иргэд ямар эмнэлэгт ямар тусламж, үйлчилгээг авсан, ЭМДС-аас ямар мөнгө зарцуулсан талаарх мэдээллийг гаргаж иргэдээр баталгаажуулдаг болсон. Эмнэлгүүд тухайн иргэний мэдээллийг ашиглан хуурамч нэхэмжлэл илгээсэн бол түүнийг нь буцааж төлүүлдэг болно.

Мөн иргэдийн зүгээс ЭМДС-ийн санхүүжилт эмнэлэгт ороогүй тул үйлчлэхгүй байна гэдэг гомдол, эмнэлгийн эмч, ажилчдаас цалин буухгүй байгаа нь ЭМДС-ийн санхүүжилт орохгүй байгаатай холбоотой гэсэн ойлголт яваад байдаг. Тиймээс бид бүх эмнэлэгт тухайн сард олгосон санхүүжилтээ эмнэлэг тус бүрээр дэлгэрэнгүй задаргаатай олон нийтэд ил тод сар бүр мэдээлдэг болж байна.

Түүнчлэн, иргэдийн зүгээс эмнэлгүүд ямар оношоор даатгалаар үйлчлэхийг сайн мэддэггүйгээс болж эмнэлэг, иргэдийн дунд үл ойлголцол үүсдэг. Мөн тухайн өвчнөөр ямар эмнэлэгт үзүүлж болохоо сайн мэддэггүй, эмнэлгүүд ч гэсэн сурталчлан танилцуулах тал дээр учир дутагдалтай байдаг. Тиймээс бид эмнэлэг бүрийн даатгалаар үйлчлэх боломжтой тусламж, үйлчилгээний мэдээлэл болон даатгалаар тухайн өвчнөөр тусламж, үйлчилгээ авсан бол хэдэн төгрөгийг даатгалаар даалгах, хэдэн төгрөгийг өөрөө төлөх гэх мэт бүх мэдээллийг ил тод болгож байна. Ингэснээр үйлчлүүлэгч нартайгаа хамт тусламж, үйлчилгээний оновчтой байдал, үр дүнд хяналт тавих боломж бүрдэх юм. Мөн хиймэл оюунд суурилсан чат агентыг ажиллуулж эхэлсэн тул иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, зааврыг тодруулан авч болохоор болсон.  

-Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг салбарын яамнаас салгах асуудал яригдаж байгаа. Энэ хэр зөв шийдэл вэ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслөөр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс гаргаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх асуудал яригдаж байгаа нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэл, реформтой хамтад нь шийдвэрлэж засаглалын хувьд бие даах эрх зүйн орчин бүрдэх болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: “Mongoliapress” агентлаг, сэтгүүлч С.Уянга